Монголын тулааны спорт сонирхогчид хоног тоолон хүлээсэн тулаан өнөөдөр болно. Мэргэжлийн боксоор ялагдаагүй яваа, Гавьяат тамирчин Э.Цэндбаатар холимог тулааны дэвжээнд гялалзаж яваа З.Шинэчагтга нарын тулаан олны анхаарлыг гойд татаж байна. Өнөө цагт гялалзаж яваа хоёр тамирчны хэн нь ялах бол. 600 саяын бооцоотой тулаан өмнө нь Монголын дэвжээнд болсон түүх үгүй.
Тэд мэргэжлийн боксоор төрлөөр 70 кг-ын жинд өрсөлдөнө. Тус бүр 300 нийт 600 саяын бооцоотой тулаанд хэн нь ялах бол. Бид ийм таамаг дэвшүүлж байна.
Э.Цэндбаатар сонирхогчдын боксын дэлхийн аваргын хүрэл медальтай, Азийн хошой аварга тамирчин. Мэргэжлийн боксоор хэд, хэдэн тулаан хийсэн нь түүний гол давуу тал. Тэгээд бүр ганц ч ялагдаагүй яваа, мэргэжлийн дэвжээнд сүүлийн тулаанаа хийгээд удаагүй байгаа. Мөн өмнө нь тэд сонирхогчдын боксоор өрсөлдөхөд Э.Цэндбаатар ялж байсан. Энэ нь түүнд сэтгэл зүйн давуу тал бий болгоно.
Харин З.Шинэчагтгын хувьд өөрийн үндсэн төрөл бус мэргэжлийн боксоор өрсөлдөх тул тун амаргүй байх болов уу. Хэчнээн сайн тамирчин байсан ч өөр спортын төрлөөр хүч сорих хэцүүг хэн бүхэн сайн мэднэ. Ялангуяа мэргэжлийн спортынхон. З.Шинэчагтгын хувьд бяр, сэтгэл зүйгээр Э.Цэндбаатарыг илүүрхэх магадлал өндөр. Харин холимог тулааны дэвжээнд 2021 оны дөрөвдүгээр сараас хойш тулалдаагүй, тулаан хийгээгүй удсан нь түүнд сул тал болж магадгүй. Мэргэжлийн дэвжээнд ойр ойрхон тулаан хийж, бэлтгэлээ, формоо алдахгүй байх тамирчдад их чухал.
Э.Цэндбаатар, З.Шинэчагтга нар найман раунд өрсөлдөнө. Мэргэжлийн спортод хүч, техникээс гадна тактик маш чухал. З.Шинэчагтга найман үеийн турш зөв тактикийн дагуу тоглож чадвал ялах боломжтой.
Ерөнхийд нь таамаглахад, өөрийн өрсөлдөж буй үндсэн төрлөөрөө хүч сорино, мэргэжлийн боксын дэвжээнд тулаан хийгээд удаагүй байгаа гэдэг талаасаа Э.Цэндбаатар ялах болов уу гэж таамаглаж байна.
Мэдээж таамаг тул яг ийм үр дүн гарах эсэхийг урьдчилан хэлэх боломжгүй. Бидний таамгийн дагуу тулаан өрнөж мэднэ. Таамагласнаас тэс өөрөөр өрнөж ч болно.
Э.ЦЭНДБААТАР ГЭЖ ХЭН БЭ
Өнөө цагийн Монголын хамгийн шилдэг боксчидын нэг нь Гавьяат тамирчин Э.Цэндбаатар яах аргагүй мөн. ДАШТ-ий хүрэл медальтай, Азийн хошой аварга, Азийн наадмын аварга тэрбээр амжилт, ур чадвараараа олны хүндлэлийг хүлээсэн тамирчин. Б.Энхтайван дасгалжуулагчийн шавь Э.Цэндбаатар амжилт, алдаа онооны дэнсэн дээр яваа тамирчин. Үүний сацуу мэр сэр асуудалд холбогдон, олноор шүүмжлүүлдэг нь түүний тамирчны замналд багагүй сэв суулгадаг.
Э.Цэндбаатар мэргэжлийн боксын хэд, хэдэн тулаанд ялаад буй. 2021 оны ДАШТ-ий дараа сонирхогчийн боксыг орхин, мэргэжилд хөл тавихаа мэдэгдсэн. Энэ жил УАШТ-д хүч сорихдоо шигшээд Б.Мишээлтэд ялагдан, мөнгөн медаль хүртсэн. Мэргэжлийн боксын дэлхийн аварга болох, Парисын олимпоос медаль авах гол найдваруудын нэг нь мөнөөс мөн.
З.ШИНЭЧАГТГА ГЭЖ ХЭН БЭ
Тамирчдын чансаа, нэр хүндээрээ дэлхийд өндөрт эрэмбэлэгдэн, хүчээ аваад буй “One championship” холбооны ирээдүйн нүүр царай, аварга болох ирээдүйтэй тулаанч хэмээн үнэлэгдэж буй монгол тамирчдын нэг нь Золцэцэгийн Шинэчагтга.
Тэрбээр бокс суурьтай, “Ширэн бээлий” клубийн ахлах дасгалжуулагч Д.Төрбатын шавь. 14 настайдаа боксоор хичээллэн, спортын замналаа эхлүүлсэн. Боксоор цөөнгүй тэмцээнд оролцон, чамгүй амжилт гаргасан тамирчин. Гэхдээ түүний сонирхлыг бокс бус холимог тулаан илүү татсан. З.Шинэчагтга 2017 онд холимог тулааны “Мастер тулаанч” шоунд түрүүлснийхээ дараа У.Зоригттой тамирчин, менежерийн гэрээ байгуулсан. Түүнээс холимог тулааны рингэн дээр өрсөлдөж яваа.
Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын харьяат, “Ширэн бээлий”, “Zorky’s MMA” клубийн тамирчин З.Шинэчагтга 2019 онд “One championship” холбоотой 100 мянган ам.долларын гэрээ байгуулж, Монголоос анхдагч болсон юм. Тус холбоотой ийм үнийн дүнтэй гэрээ байгуулсан монгол тулаанч түүнээс өөр үгүй.