АНУ, Мексикийн хил дээр хүчирхийлэл, гэмт хэрэг, өлсгөлөнгөөс болж өдөр бүр хэдэн зуун иргэн цагаачлахаар дараалал үүсгэдэг. Харин БНХАУ-аас цагаачлахаар ирсэн Ван Куны хувьд эх орныхоо хөл хорионы хатуу дэглэм болон өдрөөс өдөрт нэмэгдэж буй Ши Жиньпины чанга засаглалаас залхсан нь бусдаас онцгой шалтгаантай цагаачлагч болгож байна.
Түүнийг дэлхийн нөгөө талаас өрсөлдөгч орондоо ирэхийн тулд унадаг дугуй, онгоц, автобус, мотоцикль ашигласныг CNN агентлаг онцлон мэдээллээ. Ши Жиньпины засаглалаас болоод зугтаж буй түүний хэдэн сарын түүхийг CNN агентлаг мөн баримтжуулсан байна.
“Ши Жиньпин төр барьж эхэлсэн цагаас хойш Хятадын бодлого улам чангарч, эдийн засаг нь сайжраагүй. Мөн диктатор хэв маяг их мэдрэгдэх болсон. Тэр дараагийн Мао Зэдун гэсэн үг” гэж Ван Кун ярилцлагынхаа үеэр хэлжээ.
Ван Кун эх орондоо “bubble tea” буюу бөмбөлөгтэй цайны бизнес 2020 онд эхлүүлсэн бөгөөд “Тэг ковид” бодлогоос болж юу ч үгүй үлдэхэд тун ойртсон байна. БНХАУ-ын томоохон хотуудад ковид-19-ийн омикрон хувилбар дэгдсэнээс үүдэн иргэд газраа зарах, гудамжинд хоноглох тохиолдол ихээр гарах болжээ.
Тэрбээр Хятадаас гарч үзээгүй, Англи хэлээр ярьж чаддаггүй ч гэсэн телевиз, хэвлэл мэдээллээр АНУ бол хүний эрхийг дээдэлдэг, ардчилсан орон гэсэн ойлголт авч, итгэл тээн ийн ирсэн аж. Ши Жиньпин суудлаасаа буухгүй нь тодорхой учир үлдэх итгэл огт байхгүй болсон талаар онцолсон байна.
Харин БНХАУ-ын талаас АНУ-д арьс өнгөний ялгаварлан гадуурхалт, зэвсгийн наймаа газар авсан гэсэн үзлийг түгээдэг хэвээрээ юм.
Эх сурвалж: CNN