Алдарт “Vanity Fair” сэтгүүлийн нийтлэлч Нэнси Жо Сэйлс болзооны аппликэйшн хүмүүст тийм ч сайнаар нөлөөлөхгүй байгаа талаар мэдээллээ. Болзооны хамгийн алдартай аппликэйшн болох “Tinder” 10-аад жилийн өмнө бий болсноос хойш тэрээр өсвөр насны охидод үзүүлэх сөрөг нөлөө, цахим платформын хор уршигтай талуудын тухай бичсээр иржээ.
Хамгийн гол нь, энэ төрлийн аппликэйшний сөрөг тал нь бүдүүлэг, тааламжгүй харилцааг хэвийн, байдаг л зүйл мэт болгодог гэж Нэнси тодорхойлсон байна. Жишээлбэл, бага насны охид өөрөөсөө “үе мултарсан” хүмүүстэй харилцах, цаашлаад, нүцгэн зураг илгээх, томчуудын яриагаар ярьж, “учир ургуулах нь” хэвийн үзэгдэл болжээ.
Ялангуяа цар тахлын хоёр жилийн хугацаанд энэ төрлийн аппликэйшний хэрэглээ огцом өссөн байна. Хүмүүс биеэр уулзах бус зүс төдий танилцчихаад, хурдан дотносох нь цаашдын харилцааны тогтвортой байдалд нь мөн сөргөөр нөлөөлөх аюултай талаар Vanity Fair онцоллоо.
Ийнхүү дэлгэцний цаанаас хэн нэгэн үл таних этгээдэд царай зүс, бие галбир, арьс өнгөар ялгаварлан гадуурхагдсан тохиолдолд компани хариуцлага хүлээдэггүй, хохироосон этгээдэд хариуцлага тооцох механизм байхгүйн улмаас олон хүн сэтгэл санааны хохирол амссаар байна.
Мэдээж, болзооны аппликэйшнүүдийн сайн тал бас бий. Жишээлбэл, гадаад хэлээ сайжруулж, нийтэч, нүүрэмгий болохын тулд ашигладаг хүмүүс цөөнгүй байдаг талаар Нэнси Жо Сэйлс мөн хэлсэн байна.
Манай улсын залуучуудын дунд Tinder, Grindr зэрэг болзооны аппликэйшнүүд түгээмэл ашиглагддаг талаар залуучууд хэлж байна.
Эх сурвалж: INDEPENDENT, VANITY FAIR