Кино театр, хөгжмийн наадам, спортын цэнгэлдэх хүрээлэнгийн үйл ажиллагаа сэргэснээр Кока-Колагийн борлуулалт эхний улиралд 16 хувиар өсөхөд нөлөөлжээ. АНУ-ын Жоржиа муж улсын Атланта хотод төвтэй тус компани өнгөрсөн жил 2.78 долларын цэвэр орлого олжээ. Кока-Кола компанийн нэгж хувьцаа нь 64 цент болсон нь Уолл Стритийн хувьцаанд ногдох ашгийн хүлээлтээс 6 центээр давсан гэдгийг Zacks Investment Research-ийн судалгаа харуулжээ.
Дэлхийн хамгийн том ундаа үйлдвэрлэгч тус компани энэ хугацаанд 10.49 тэрбум долларын орлого олсон нь салбарын шинжээчдийн 9.91 тэрбум ам.долларын таамаглалаас давсан үзүүлэлт юм. Coca-Cola Zero Sugar-ийн борлуулалт 14 хувиар, харин түүний нэрээр нэрлэгдсэн Coca-Cola зөөлөн ундааны борлуулалт 6 хувиар өсч, Оргилуун ундааны ангиллын нийт борлуулалт 7 хувиар өссөн байна.
Хэрэглэгчид илүү эрүүл ундаанд татагдсан хэвээр байгаа юм. Шим тэжээл, жүүс, сүүн бүтээгдэхүүн, ургамлын гаралтай ундааны борлуулалт 12 хувиар харин ус, спортын ундаа, кофе, цайны борлуулалт 10 хувиар өсжээ.
Кока-Колагийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр зардлын дарамт хурдсаж, нийлүүлэлтийн сорилтууд нь бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэх өөр, илүү боломжийн арга замыг эрэлхийлэхэд хүргэж байгаа аж. Хөнгөн цагаан, элсэн чихэр, тээвэрлэлтээс эхлээд бүх зүйлийн үнэ нэмэгдэж байгаа нь ундааны зах зээлд бүхэлд нь нөлөөлж буй аж.
Гэхдээ цар тахлын дараах сэргэлт, хөл хорионы байдал цуцлагдсанаар хүмүүс уралдаан тэмцээнд оролцож, кино, урлагийн тоглолт үзэх нь нэмэгдсэнээр Кока-Колагийн борлуулалт нэмэгдэж эхэлсэн нь сайны дохио гэж үзэх шинжээчид ч байна.
Эх сурвалж: Аljazeera