Хонгконгт гэрийн үйлчлэгчээр ажилладаг хүмүүс Ковид-19-өөр өвчилбөл ажил олгогч нь ажлаас нь шууд халах, буцааж ажилд нь авахаас татгалзах болсон талаар дэмжлэгийн бүлгүүд мэдэгдлээ.
Гэрийн үйлчлэгчийн ажлыг хийдэг Индонези, Филиппинээс ирсэн ажилчид эмнэлгийн төлбөрөө хийх даатгалгүй болж эхэлсэн гэнэ.
Хонгконгт омикрон хувилбарын халдварын тархалт эрчимжиж өдөрт олон мянган хүн халдвар авч байгаа нь эмнэлгүүд болон Засгийн газрын тусгаарлах байгууламжуудыг дүүргэжээ.
Өвчтөн, тэдний ойр дотны хүмүүсийг заавал тусгаарлах хатуу бодлого баримталж, хэдэн арван мянган хүн байр олох боломжгүй болж байгаа нь асуудлыг улам хурцатгаж буй аж. Гэрийн үйлчлэгчдийг гэртээ тусгаарлалтанд орохыг хүссэн ч ихэнх тохиолдолд ажил олгогчид нь үүнээс татгалздаг байна.
Долоо хоногт зургаан өдөр ажилладаг 390 000 гэрийн үйлчлэгч байдаг бөгөөд сард доод тал нь 4630 хонконг доллар (593 ам. доллар) дээр хоол хүнс, хоолны мөнгө авдаг. Тэд хууль ёсны дагуу ажил олгогчтойгоо хамт амьдрах үүрэгтэй бөгөөд төрийн байгууллага, эмнэлгээс өөр газар тусгаарлах нь хууль бус үйлдэл юм.
Филиппин улсаас ирж гэрийн үйлчлэгчээр ажиллаж буй Мария түргэвчилсэн антигенийн шинжилгээгээр эерэг гарсан байна. Тэрээр ажил олгогч нь түүнд хоёр долоо хоног хорио цээрийн дэглэмтэй зочид буудалд байх зардлаа өөрөө төлөх, эмнэлэгт очиж "би маш хүндээр өвчилсөн байна” гэж хэлэх, эсвэл гэрээгээ цуцлах гэсэн гурван сонголтыг өгсөн гэж тэр хэлэв.
"Би өглөө эмнэлэгт очсон ч маш олон өвчтөн байсан тул орой 6 цагт үзүүлсэн. Ажил олгогч маань намайг вирус дамжуулна гэж айж байсан тул тэдний гэрт буцаж ирж болохгүй гэж хэлсэн" гэдгийг Мария сэтгүүлчид хэлжээ. Ийнхүү шөнө дунд ажлаасаа “хөөгдсөн” Мариягийн найзууд "Гэрийн ажилчдад зориулсан HELP" ТББ-д хандсанаар түүнд хоргодох байранд байр олж өгчээ. Бусад ажилчид цэцэрлэгт хүрээлэн, гүүрэн гарц эсвэл эмнэлгийн гадаа унтахаас өөр аргагүй болж байгаа тохиолдол ч бий.
HELP-ийн ажилчдын хэлснээр тэд орон гэргүй болсон 100 гаруй ажилчдад тусалж байгаа бөгөөд тэдний 10 орчим нь ажлаасаа халагдсан, эсвэл ажил олгогч нь гэрт нь буцаж ирэх хэрэггүй гэдгийг сонссон гэрийн үйлчлэгчид гэнэ.
Мягмар гарагт тус хотод суугаа Филиппиний консул Хонконгийн оршин суугчдыг хууль бус, "ёс суртахуунгүй" үйлдлээр ажилчдаа ажлаас нь халж, хөөж байгааг буруутгаж буйгаа мэдэгдсэн юм.
Элчин сайд Рали Тежада: Хэрэв тэднийг өвчний улмаас ажлаа орхихыг шаардсан нь нотлогдож байвал энэ нь Хонгконг дахь хөдөлмөр эрхлэлтийн журмын дагуу хууль бусаар халагдсан гэж үзэж үндэслэл болно" гэж мэдэгджээ, түүний уг мэдэгдэл хууль бусаар ажлаасаа халагдсан 60 гаруй хүнд тусласан байна.
HELP-ийн гүйцэтгэх захирал Маниша Вижесинхэ хэлэхдээ, “олон ажил олгогч өвчтэй ажилчинтай ойр байснаар гэр бүлийнхэн нь халдвар авч хөл хорионд орох вий гэж эмээж байна. Тэднийг хорон санаагаар ийм шийдвэр гаргасан гэж бодохгүй байна. Айдас л хүмүүсийг удирдаж гаргаж буй шийдвэрт нь нөлөөлж байгаа” гэж хэлжээ.
Хэдий тийм байлаа ч эмэгтэйчүүдийг өвлийн улиралд орох газаргүй гудамжинд гаргаж буй нь тэвчишгүй үйлдэл юм.
Вижесинхе захирал Хонконгийн оршин суугчдыг Ковид-19-өөр өвчилсөн гэрийн ажилчдад дэмжлэг үзүүлэхийг уриалаад " Одоо үнэхээр аймшигтай цаг үе тохиож байгаа гэдгийг бид ойлгож байна. Хүн бүр өөрийн болон үр хүүхэд, гэр бүлийнхээ аюулгүй байдлын төлөө санаа зовж байгаа ч гэрийн үйлчлэгч ч бас гэр бүлийн нэг хэсэг. Тэд чамайг өдөр бүр асран халамжилдаг хүмүүс шүү” гэж нэмж хэлжээ.
HELP болон бусад төрийн бус байгууллагуудын мэдээлснээр орон гэргүй болж гудамжинд гацсан ажилчдын ихэнх нь гэр рүүгээ нисэхээс өмнө шинжилгээнийх нь хариу эерэг гарсан хүмүүс бөгөөд тэднийг онгоцонд суулгахаас мөн татгалзсан байна.
Засгийн газар ажлын байраа алдсан ажилчдад тусламж үзүүлэхийн тулд консулын газруудтай хамтран ажиллаж, өөр байр хайж байгаа гэсэн мэдээлэл цацагдаад байна.