Сингапур нь тэнгэр баганадсан барилгууд, тансаг орон сууц олонтой, хот тохижилтоороо дэлхийд тэргүүлэх орны нэг билээ. Гэсэн ч тухайн улсын нэгэн ойд 30 жил амьдарсан иргэн байдаг аж.
Түүнийг О Го Сэнг гэдэг. Өдгөө 79 настай тэрбээр хөнгөн шингэн биетэйн дээр, нүд нь гялалзсан эрч хүчтэй нэгэн юм. Энэ сарын эхээр ойд амьдардаг ноён О-гийн түүх Сингапурт тархаж, олон нийтийн анхаарлыг татаад буй.
Сингапурын иргэд энэ талаар, “Түүнд яагаад тусламж үзүүлэлгүй өдийг хүрсэн юм бэ” гэх байр сууринаас хандаж, байж болшгүй зүйл мэт хүлээн авч байна.
Тэрбээр тарьсан навчит ногоо, чинжүүгээ зарж амь зуудаг. Цар тахлаас үүдэн ийн ажиллах боломжгүй болсон байна. Учир нь тухайн улс гудамжинд хүнсний бүтээгдэхүүн зарахыг хуулиар хориглодог. Ноён О өөрийн барааг худалдаалж байх үеэр үйлчлүүлэгчтэй, үнийн шалтгаанаар маргалджээ. Маргааны эцэст, тухайн үйлчлүүлэгч түүнийг хууль бус зүйл хийж буй талаар мэдэгдсэн юм.
Албаны хүмүүс түүний ногоог хураан авч буй бичлэгийг тухайн бүс нутгийн иргэн Вивиан Пан дүрсжүүлж, Facebook-т нийтэлсэн нь хурдацтай цахим ертөнцөд таржээ.
Энэ үйл явдал нь УИХ-ын гишүүн Лян Энг Хваны анхаарлыг татсан байна. Өөрөөр хэлбэл 30 жилийн турш ойд анзаарагдахгүй амьдарч байсан ноён О-г тухайн гишүүн сонирхох болсон юм.
Ноён О гэр бүлийнхээ хамт орон нутгийн кампонг тосгоны Сүнгей Тэнга гэх газар өссөн. 1980-аад онд кампонгод шинэ өндөр барилгуудын суурийг тавьсан юм. Энэ үед Кампонгийн ихэнх оршин суугчдад засгийн газраас шинэ байр санал болгосон ч ноён О өөрийн гэсэн байртай болж чадаагүй аж.
Сүүлд засгийн газраас байртай болох саналыг түүнд тавьсан ч ноён О дургүйцэж саналыг хүлээж аваагүй байна. Улмаар хуучин байшингийнхаа ойролцоох ой руу нүүж мод, хулс, брезентээр хийсэн майхандаа амьдарч эхлэв.
Майхны ойролцоох цэцэрлэг нь түүний хүнсний ногоогоо ургуулдаг газар юм. Модны хоорондох хувцасны шугам, хашаа нь хүнсний ногооны талбайг халдагчдаас хамгаалдаг байна.
Түүний хэлснээр майхны дээгүүр ургасан жимсний мод нь хангалттай сүүдэрлэж өгдөг байсан бөгөөд түүнд хэзээ ч эвгүй мэдрэмж төрж байгаагүй гэжээ.
Тэрбээр энэ талаар ярихдаа, “Ганцаардал хэзээ ч асуудал болж байгаагүй. Цэцэрлэгээ арчлах амаргүй байсан ч сайн ургах нөхцөл нь үүнийг хялбар болгосон.Ойд амьдрахын муу тал нь хулгана байсан. Тэд миний майханд орж, хувцас зэрэг эд зүйлсийг идэж хоргодуулдаг” гэжээ.
Ноён О олсон мөнгөө хөрш Индонезийн жижиг арал болох Батам руу гатлага онгоцоор явахад зарцуулдаг байв. Тэнд түүний охин ба хатагтай Тачих амьдардаг юм. Амралтын өдрүүдээр Батам руу тогтмол очсоныхоо дараа Сингапур дахь ойн гэртээ буцаж ирдэг байна.
Түүний охин одоо 17-той ба эцгийнхээ амьдарлын хэв маягийг огт ойлгодоггүй талаар дурджээ. Тэрбээр гэр бүлдээ сар бүр 500-600 сингапур доллар илгээж, санхүүгийн хувьд тусалсан хэвээр.
Сингапурт орон гэргүй хүн харьцангуй ховор тохиолддог. Тус улс дунджаар дэлхийн хамгийн чинээлэг хүн амтай улсын нэг юм.
"БИ АНХ УДАА ЗУРАГТ ҮЗЭЖ БАЙНА"
Энэ оны хоёрдугаар сард буюу цагаан сарын шинийн нэгэнд УИХ-ын гишүүний туслалцаатайгаар ноён О шинэ байртай болжээ.
УИХ-ын гишүүн Лян хэлэхдээ, "Ноён О-д үргэлжлүүлэн тусална, тэр дундаа Индонез дахь эхнэр, охинтойгоо дахин уулзахад нь урт хугацааны нийгмийн тусламж үзүүлэх болно” гэв.
Орон сууцанд байгаа цөөн хэдэн эд зүйлсийг сайн санаат хүмүүс хандивласан аж. Үүнд хөргөгч, зурагт, данх, ус халаагч зэрэг багтах юм. Ноён О ус халаагчтай болсондоо тун сэтгэл хангалуун байгаа гэнэ. Тэрбээр ойд хоргодох газрынхаа дэргэдэх цөөрмийн усыг хэрэглэж заншсан бөгөөд крантны ус хэтэрхий хүйтэн байсан тухайгаа хэлжээ.
Тэрбээр орон сууцанд орсон эхний өдрөө анх удаа гэр бүлийнхэнтэйгээ цагаан сараа тэмдэглэсэн байна.
Ноён О энэ тухай ярихдаа, "Би маш их идсэн. Олон жилийн турш амталж үзээгүй олон төрлийн хоол байсан. Гайхалтай сайхан байлаа. Би 30 гаруй жилийн хугацаанд анх удаа зурагт үзсэн. Энэ нь надад маш их таалагдсан. Орон сууцанд амьдрах сайхан байгаа ч ойд амьдрах эрх чөлөөгөө санаж байна. Би тэнд маш олон жил амьдарсан шүү дээ. Өдөр бүр ойгоо эргэж очдог. Өглөөний 3 цагт босон тэнд очиж хүнсний ногоогоо шалгадаг юм” гээд инээв.
https://www.bbc.com/news/world-asia-60284352
эх сурвалж: BBC