Афганистаны улсын их, дээд сургуулиуд өнгөрсөн жил Талибанчууд тус улсыг эзлэн авснаас хойш анх удаа эмэгтэй оюутнуудыг оюутны хотхонд буцаан оруулахыг зөвшөөрлөө. Тус улсын их дээд сургуулиуд хатуу дүрэм журамтайгаар, холимог байдлаар суралцуулахаар өнгөрсөн лхагва гарагт нээгджээ.
Талибаны засаг захиргаа их сургуулийн эмэгтэй оюутнуудад зориулсан төлөвлөгөөгөө албан ёсоор зарлаагүй ч боловсролын албаны хүмүүс эмэгтэйчүүдийг эрэгтэй оюутнуудаас тусгаарлах нөхцөлтэйгээр хичээлд суухыг зөвшөөрсөн гэж мэдэгджээ.
Нангархарын их сургуулийн тэргүүн Халил Ахмад Бихсудвал тус сургуулийн эрэгтэй, эмэгтэй оюутнууд тус тусдаа хичээлд сууна гэж Ройтерс агентлагийн сэтгүүлчид тайлбарласан аж.
Аюулгүй байдлын үүднээс нэрээ хэлэхийг хүсээгүй их сургуулийн Анагаахын ангийн оюутан эмэгтэй ангиудыг хүйсээр нь хуваасан гэж хэлсэн ч эмэгтэйчүүдийг эрэгтэй багш нар заах эсвэл ангиас гадуур эрэгтэй оюутнуудтай харьцах боломжтой эсэх нь тодорхойгүй байна.
"Хөвгүүдийн цаг дуустал их сургуулийн эргэн тойронд алхаж болохгүй гэж хэлсэн ч зөвхөн бидний хичээлийн ээлжүүд тусдаа байдаг" гэж нэрээ нууцалсан эмэгтэй оюутан тайлбарлажээ. Тэрбээр цааш нь "Бүх өөрчлөлт, нөхцөлийг үл харгалзан миний боловсрол дутуу байх ёсгүй учраас би ямар ч дүрэм журам үйлчилдэг бай цааш үргэлжлүүлэн суралцахыг хүсч байна" гэжээ.
Афганистаны Дээд боловсролын яамны ажилтан Шакер Вахиди CNN-д хэлэхдээ, Нангархар, Пактиа, Пактика, Кандагар зэрэг дулаан мужууд дахь улсын их сургуулиуд лхагва гарагаас эхлэн эрэгтэй, эмэгтэй оюутнуудад дахин нээгдэнэ гэдгийг албан ёсоор мэдэгдсэн. Харин хүйтэн бүс нутагт их дээд сургуулиуд 3-р сард эрэгтэй, эмэгтэй аль алинд нь нээгдэх аж.
Талибуудын засаглалын үед хичээлийн шинэ улирал эхэлж байгаа тул эрэгтэй, эмэгтэй афган сурагчдыг хөшгөөр тусгаарлан суралцуулахаар болжээ.
1996-2001 он хүртэл тэдний өмнөх засаглалын үед лалын хэт хатуу талибанчууд охид, эмэгтэйчүүдийг боловсрол эзэмшихийг хориглодог байв. Гэвч тус бүлэглэл шинэ засаглалынхаа үеэр охид, эмэгтэйчүүдийн боловсрол олгох төлөвлөгөөнийхөө талаар тодорхой мэдэгдээгүй.
Зарим хувийн их дээд сургуулиуд дахин нээгдсэн боловч эмэгтэй оюутнууд хичээлдээ сууж чадахгүй, олон мужид охидыг ахлах сургуульдаа буцан орохыг зөвшөөрөөгүй хэвээр байна.
Хүний эрхийн хуульч, Эмнести Интернэшнлийн Хямралын хариу арга хэмжээний хөтөлбөрийн судлаач Николетт Уолдман их сургуулийн нээлтийг сайшаасан ч бага сургуулийн сурагч охидод зориулагдсан зааварчилгаа хэрэгтэй байна гэж хэлэв.
Талибанчууд гадаадаас тусламж эрэлхийлж, хилийн чанад дахь хөрөнгөө битүүмжлэлээс гаргахыг эрмэлзэж байгаа тул олон улсын хамтын нийгэмлэг охид, эмэгтэйчүүдийн боловсролыг шаардлагынхаа гол хэсэг болгож буй.
Санхүүгийн систем гацсан, эдийн засгийн гол тулгуур болсон гадаадын санхүүжилт огцом буурсан нь олон арван жилийн дайны хөлд нэрвэгдсэн тус улсад хүмүүнлэгийн сүйрлийг бий болгож байна билээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Афганистаны асуудал хариуцсан тусгай элч Дебора Лайонс твиттер хуудсандаа "Афган залуу эмэгтэй, эрэгтэй оюутнуудыг Афганистан даяар их, дээд сургуулиудад буцаахыг бүгдээрээ дэмжицгээе. " гэж жиргэжээ.
Хэвлэл мэдээллийнхэнд ярих эрхгүй тул нэрээ хэлэхийг хүсээгүй боловсролын албаны хүн хэлэхдээ, их дээд сургуулиудад эмэгтэй оюутнуудыг тусгаарлах янз бүрийн сонголтууд, тэр дундаа тусдаа анги, шат дамжлагатай ажиллах цаг зэргийг өгсөн гэдгийг дурдсан байна.
Лхагва гарагт АНУ-ын Сангийн яам олон улсын банкууд хүмүүнлэгийн зорилгоор Афганистан руу мөнгө шилжүүлэх боломжтой, тусламжийн бүлгүүд талибуудад тавьсан хориг арга хэмжээг зөрчихөөс айхгүйгээр төрийн мэдлийн байгууллагуудын багш, эрүүл мэндийн ажилтнуудад цалин хөлс олгохыг зөвшөөрсөн гэж Ройтерс агентлаг мэдээллээ.