Цар тахлын нөлөөгөөр баян хүмүүс улам баяжиж байхад ядуу хүмүүс Ковид-19-ийн халдварын улмаас нас барж байна гэж Оксфам-аас анхааруулжээ.
Коронавирусийн вакцины хуваагдал нь дэлхий даяар хүний амь насыг хохироож, тэгш бус байдлыг нэмэгдүүлж байгаа тухай Оксфам шинэ тайландаа нийтэлжээ.
Тайланд дурдсанаар, коронавирусийн тахлын үеэр хамгийн баян 10 хүний хөрөнгө хоёр дахин нэмэгдсэн бол нөгөө талд өдөр бүр дор хаяж 21300 хүн нас барсан нь дэлхий даяарх тэгш бус байдлыг улам даамжруулжээ.
"Бид 2022 онд урьд өмнө хэзээ ч байгаагүй тийм их сэтгэлийн түгшүүртэйгээр орж байна" гэж Oxfam-ийн "Тэгш бус байдлын тухай" тайланд сэрэмжлүүлээд өнөөгийн дэлхийн хэт тэгш бус байдал нь дэлхийн хамгийн ядуу ард түмэн, үндэстнүүдийн эсрэг "эдийн засгийн хүчирхийллийн" нэг хэлбэр” гэжээ.
Энэхүү тэгш бус ертөнцөд бүтцийн болон системийн бодлого, улс төрийн сонголтууд хамгийн баян, хамгийн эрх мэдэлтэй хүмүүсийн тал руу хазайж, улмаар дэлхийн жирийн хүмүүсийн дийлэнх нь хохирч байна гэж Ковид-19-ийн эсрэг вакцины хуваагдлыг онцолсон тайланд дурджээ.
Оксфам: Хэрэв вакцин хийлгэсэн бол өнөөдөр олон сая хүн амьд байх байсан. Харамсалтай нь томоохон эмийн корпорацууд эдгээр технологийг монополь хяналтдаа байлгасаар байгаа учраас хүмүүс нас барж, боломж нь хязгаарлагдсан" гэв.
Тайланд дурдсанаар, дэлхийн хамгийн баян 10 хүн, дэлхийн 3.1 тэрбум хүний эзэмшдэг хөрөнгөөс ч илүү хөрөнгө эзэмшдэг гэдгийг онцлон оруулжээ. Түүгээр ч барахгүй цар тахлын үеэр баячууд асар их баяжсан ч хүн төрөлхтний 99 хувийн орлого буурсан байна.
Оксфамын тайланг ихэвчлэн Швейцарийн Давос хотноо болдог Дэлхийн эдийн засгийн форумын өмнө гаргадаг боловч тахлын улмаас дэлхийн хамгийн баян, хүчирхэг хүмүүсийн цугларалт болдог уг уулзалт энэ жил дахин хойшлогдсон юм. Өнгөрсөн долоо хоногт ДЭФ “Дэлхийн эрсдэлийн тайлан 2022”-оо pdf хувилбараар нийтэлсэн бөгөөд ихэнх нь вакцинжуулалтад тулгуурласан коронавирусаас үүдэлтэй эдийн засгийн сэргэлт нь улс орнуудын дотоод болон хоорондын хуваагдлыг гүнзгийрүүлсэн гэдгийг онцолсон байлаа.
Цар тахлын улмаас улам бүр дордсон тэгш бус байдал нэмэгдэж байгаа нь нэмэлт хурцадмал байдал, дургүйцлийг төрүүлж, цаг уурын өөрчлөлт, эдийн засгийн тэгш бус байдал, нийгмийн тогтворгүй байдлын эсрэг улс орнуудын хариу арга хэмжээг улам хүндрүүлэх магадлалтай юм.
Нэгдсэн Үндэстний Байгууллага болон засгийн газрууд сүүлийн хэдэн арван жилд ядуурлыг арилгах, технологи, боловсролын хүртээмжийг жигд хуваарилах талаар хүчин чармайлт гаргаж байгаа хэдий ч дэлхий нийт сүүлийн хэдэн арван жилийн турш ноцтой тэгш бус байдал руу чиглэсэн хэвээр буй. "Өнөөгийн эдгээр хуваагдал нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн түүхэн өв, тэр дундаа боолчлол, колоничлолтой шууд холбоотой" гэж Оксфамын тайланд дурджээ.
2020 онд улс орнуудын авч хэрэгжүүлсэн Ковид-19-ийн цохилтоос эдийн засгаа аварч, сэргээхэд чиглэсэн бага хүү, засгийн газрын урамшуулал нь хувьцаа болон бусад хөрөнгийн үнийг өсгөж, баячуудыг улам чинээлэг болгоход нөлөөлсөн.
Баялгийн тэгш бус байдал нь зөвхөн хүмүүст хор хөнөөл учруулдаггүй. Энэ нь дэлхийд ч бас нөлөөлдөг аж. Тодруулбал, Оксфам байгууллагын мэдээлснээр хамгийн баян 20 тэрбумтан хамгийн ядуу тэрбум хүнээс 8000 дахин их нүүрстөрөгч ялгаруулж байгаа юм.
Оксфам байгууллагаас иш татсан судалгаагаар бага, дунд орлоготой орнуудад амьдардаг хүмүүс баян орнуудад амьдардаг хүмүүстэй харьцуулахад Ковид-19 халдварын улмаас нас барах магадлал хоёр дахин их байна.Зарим улс оронд ядуучууд нь Ковид-19-ийн улмаас нас барах магадлал бараг дөрөв дахин их байдаг гэж Оксфам мэдэгдэв.
“Олон хүн ажилгүй болж, олон сая хүн амь насаа алдсан. Эмэгтэйчүүд, арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан бүлгүүд болон дэлхийн өмнөд нутгийн иргэд тэгш бус байдалд хамгийн их нэрвэгдэж байна" гэж Оксфамын гүйцэтгэх захирал Бучер Аль Жазира агентлагийн сэтгүүлчид ярилцлага өгөх үеэрээ ярьжээ.
Оксфам засгийн газрууд илүү тэгш ертөнцийн үндэс суурийг тавьж, "эдийн засгийн хүчирхийлэл"-ийг үндсээр нь арилгах, чиг хандлагыг үндсээр нь өөрчлөх эрх мэдэлтэй гэж үздэг.
Ингэхийн тулд дэлхийн хамгийн баян 10 хүний Ковид-19-ийн үед олсон орлогод нэг удаагийн гэнэтийн ашгийн татвар ногдуулах явдал бөгөөд энэ нь 812 тэрбум ам.долларын татвар болох гэнэ. “Энэ бол энгийн бөгөөд эрүүл ухаанаар шийдэж болох зүйл гээд, хэт баячуудаас татвар авч, мөнгийг сувилагч, эмнэлэг, вакцинд зарцуулаарай" гэж гүйцэтгэх захирал Бучер хэлжээ.