Энэтхэгийн Бенгалуруд амьдардаг Ширинивас энэ оны гуравдугаар сарын сүүлээр тус улсад Ковид-19-ийн хоёр дахь давалгаа эхэлснээс хойш хар мөөгөнцөр буюу мукормикозоор халдварласан 45 000 гаруй энэтхэгчүүдийн нэг.
Энэтхэгийн Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, Ширинивас шиг хар мөөгөнцрөөр өвчилсөн хүмүүсийн дийлэнх нь буюу 85 орчим хувь нь Ковид-19 халдвар авсан байжээ. Энэ оны долдугаар сар гэхэд тус улсад мөөгөнцрийн халдварын улмаас 4300 гаруй хүн нас барсан гэсэн тоо гарчээ.
Хар мөөгөнцөр нь Энэтхэг улсад Ковид-19-ийн халдварын дараа орох хямрал болж буй аж. Хар өөгөнцөр нь хүмүүсийн өдөр тутам өртдөг мөөгөнцрийн нэг төрөл болох мукормицетын улмаас үүсдэг түгээмэл халдвар хэдий ч дархлааны тогтолцоо Ковид-19-ийн халдвараас үүдэлтэйгээр буурснаар илүү өртөмтгий болгожээ. Хар мөөгөнцрийг цаг алдалгүй эмчлэхгүй бол нүүрэнд урган, хараанд нөлөөлж, цаашилбал үхэлд хүргэдэг халдвар юм.
Энэтхэг улс Ковид-19-ийн халдвараас гадна хар мөөгөнцрийн халдвартай тэмцэх шаардлагатай нүүр тулж байгаа бол Балба, Афганистан, Египет, Оман зэрэг хөрш зэргэлдээ улсуудад ч энэ халдварын цөөн тохиолдол бүртгэгдсэн гэдгийг Энэтхэгийн Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.
Энэтхэгт хар мөөгөнцрийн тохиолдлын тоо өнгөрсөн есдүгээр сард тус улсад гарсан коронавирусын анхны давалгаанаас хамаагүй өндөр байна. Энэ нь вирусын Delta буюу B.1.617.2 хувилбар хурдацтай тархсантай холбоотой байж болох аж.
ДЭМБ-ын мэдээлснээр коронавирусын тохиолдлын өсөлттэй зэрэгцэн хар мөөгөнцөр дэлхий даяар түгээмэл болно гэж эмч нар таамаглаж байна. Энэтхэгт ковид-19-ийн хоёр дахь давалгааны дараа өвчтөнүүдэд хар мөөгөнцөр ихсэхэд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсний нэг нь цар тахлыг эмчлэхэд хэрэглэж буй эм юм.
Бүх Энэтхэгийн Анагаахын Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн эрүүл мэндийн ахлах ажилтнууд Ковид-19-ийг эмчлэхэд стероидуудыг хэтрүүлэн хэрэглэсэн нь өвчтөнүүдийн дархлааны системийг дарангуйлж, хар мөөгөнцөрт илүү өртөмтгий болгосон гэж мэдэгдсэн нь бий. Зарим эмч нар Ковид-19-ийн халдвараас үүдэлтэй хүчилтөрөгчийн дутагдал нь тодорхой үүрэг гүйцэтгэсэн байж магадгүй гэж сэжиглэж байгаа бөгөөд хүчилтөрөгчийн түвшин бага байх нь өвчтөнүүдийг хар мөөгөнцрийн халдварт өртөмтгий болгодог гэж үзжээ.