ХБНГУ Ковид-19 цар тахлын эсрэг дархлаажуулалтад хамрагдаагүй хүмүүсээ хөл хорионд оруулахаар болсноо албан ёсоор зарлалаа. Дархлаажуулах тарилга буюу вакцин хийлгээгүй хүмүүсийг коронавирусын халдвар тархаахаас сэргийлж супермаркет, эмийн сан зэрэг газруудад нэвтрэхийг хориглоно гэж канцлер асан Ангела Меркель, түүний залгамжлагч шинэхэн канцлер Олаф Шольц нар мэдэгдсэн юм. Бүс нутгийн удирдагчидтай хийсэн хямралын хэлэлцээний дараа хийсэн уг мэдэгдэлд Ковид-19-ын халдвар аваад эдгэрсэн хүмүүст хамаарахгүй гэдгийг онцлон дурджээ.
Хөл хорионы хязгаарлалтыг чангаруулсан нөхцөлд вакцин хийлгээгүй хүмүүс өөр өрхийн хоёр л хүнтэй уулзах боломжтой. Долоо хоногийн хугацаанд 100 000 хүнд 350-аас дээш тохиолдол бүртгэгддэг газрууд болох баар цэнгээний газруудыг хаах, хөл бөмбөгийн тэмцээн гэх мэт томоохон арга хэмжээнд оролцох хүмүүсийн тоог хязгаарлах юм.
Шинээр бүртгэгдсэн Омикрон хувилбартай холбоотой айдсыг нэмэгдүүлж байгаа үед уг хөл хорионы хязгаарлалтыг чангаруулах тухай мэдэгдлийг хийлээ.
Сонирхуулахад, хөл хорионы хязгаарлалтыг чангатгах тухай уг мэдэгдэл нь Ангела Меркелийн канцлерийн албыг хашиж байхдаа хийсэн сүүлчийн мэдэгдэл болж байгаа юм. Мэдэгдлийн дараа тэрээр 16 жилийн канцлерийн албаа Олаф Шольц-д хүлээлгэн өгчээ.
Ангела Меркель: "Бид нөхцөл байдал маш ноцтой байгааг ойлгож байгаа. Өмнө нь авсан арга хэмжээнээсээ гадна нэмэлт арга хэмжээ авахыг хүсч байна. Улс даяар вакцинжуулалтын мандат парламентаар хэлэлцэгдэж, Германы Ёс зүйн зөвлөлийн удирдамжийн дагуу 2022 оны 2-р сараас эхлэн хүчин төгөлдөр болно” гэдгийг онцлон хэлсэн юм.