Хойд Солонгос мягмар гарагт шумбагч онгоцноос шинэ баллистик пуужингаа амжилттай туршсан тухай тус улсын төрийн мэдээллийн агентлаг KCNA мэдээлэв. KCNA-ийн мэдээлснээр шумбагч онгоцоор хөөргөх баллистик пуужинг (SLBM) 2016 онд Хойд Солонгосын анхны SLBM-ийг туршихад ашиглаж байсан "8.24 Yongung" төхөөрөмжөөс хөөргөжээ. Энэхүү тайланд "Тус улсын батлан хамгаалах технологийг өндөр түвшинд хүргэж , флотын усан доорх ажиллагааны чадавхыг дээшлүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах болно” гэжээ. Пуужинд удирдлагын олон дэвшилтэт технологийг оруулсан гэдгийг ч онцоллоо.
Япон, Өмнөд Солонгос мягмар гарагт баллистик пуужин хөөрсөн тухай мэдээлсэн. Тэд үүнийг Хамгён мужийн Синпо боомт хотын ойролцоо тэнгисээс хөөргөсөн гэж орон нутгийн цагаар мягмар гарагийн өглөө 10:00 цагийн орчимд мэдээлэв.
Синпо хотод Хойд Солонгосын усан онгоцны үйлдвэр байрладаг байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл лхагва гарагт хаалттай хуралдаж, Хойд Солонгосын талаар сүүлийн пуужингийн туршилтын талаар ярилцах болно гэж НҮБ-ын дипломатч CNN агентлагт ярьжээ.
Пхеньяныг олон улсын хуулийн дагуу баллистик пуужин, цөмийн зэвсэг туршихыг хориглосон. Вашингтон дахь Америкийн эрдэмтдийн холбооны ахлах ажилтан Адам Маунт хэлэхдээ, Умард Солонгос SLBM -ийг АНУ болон түүний холбоотнууд, ялангуяа Өмнөд Солонгос, Японы пуужингийн довтолгооноос хамгаалалтыг даван нэвтрэх арга гэж үзэж байгаа гэжээ. Мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлал Хойд Солонгосын пуужин хөөргөсөн үйл явдлыг анхааралтай ажиглаж, холбоотнуудтай нягт хамтран ажиллаж, нөхцөл байдлыг хянана гэжээ.
Эх сурвалж: CNN