Гаалийн байгууллагын зүгээс эхний есөн сарын хугацаанд илрүүлсэн зөрчлийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэлийн газрын дарга Б.Сүхбаатар: Монгол Улсын нэр бүхий хуулийн этгээд БНХАУ-аас импортоор оруулж ирж буй гар утсаа гаальд мэдүүлэхдээ гар утасны сэлбэг, дагалдах хэрэгсэл гэж тус тусад нь салган мэдүүлж, нийт 175.9 сая төгрөгийн буюу их хэмжээний татвараас зайлсхийсэн зөрчил үйлдсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон тул Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, гаалийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны зүгээс шалган шийдвэрлэх ажиллагааг прокурроын байгууллагын хяналт дор явуулж байна.
Мөн гаалийн байгууллага хууль хэрэгжүүлэгч байгууллага. Гаалийн ерөнхий газар он гарснаас хойш 776 зөрчил илрүүлж, 30 зөрчилд хэрэг бүртгэл нээн ажиллаж байна. Ердийн үед жилд 2000 гаруй зөрчил илэрч 10 гаруй тэрбум төгрөгийн торгууль тавьдаг байсан. Энэ онд Covid-19-тэй холбоотойгоор хил, гаалиар нэвтрэх бараа, бүтээгдэхүүн, хүнээс хамааралтай илрэх зөрчил, үйлдэл буурсан.
Монгол Улсын иргэн Х улсын хилээр гарах чиглэлд 133 мянга 700 юань буюу 58.9 сая төгрөг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлсэн. Зөрчилд холбогдсон валютыг улсын орлого болгон хураан авч, 8.8 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Сэрэжлүүлэг хэлэхэд, улсын хилээр нэвтэрч байгаа зорчигч 15 сая төгрөг түүнтэй тэмцэх хэмжээний болон дээш гадаад валютыг биедээ авч яваа тохиолдолд заавал гаалийн мэдүүлэгт мэдүүлэх үүрэгтэй. Иргэд, жолооч нар хуулийн энэ заалтыг мэдэхгүйгээсээ болж, бэлэн мөнгөө хураалгах, торгуулах зөрчил буурахгүй байна.
Мөн Монгол Улсын иргэд наймдугаар сарын 9-ний өдөр Өмнөд Африкаас улс хоорондын шуудан илгээмж ашиглан нэг килограмм талст метафитамин буюу мөс хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэмт хэргийг гаалийн албаны рентген тоног төхөөрөмж, хар тамхи илрүүлэх багаж хэрэгсэл, гаалийн албаны эрэлч нохой ашиглан илрүүлж цагдаагийн байгууллагын хяналтад хүргүүлсэн. Энэ бодис нь НҮБ-ын сэтгэцэд нөлөөлөх бодисын хавсралтад орсон маш хүчтэй үйлчилгээтэй, хоруу чанар өндөртэй бодис байгаа. Үүнд цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааг хийж байгаа.
Гааль, тагнуулын байгууллагын хамтарсан арга хэмжээний үр дүнд алт, үнэт эдлэлийн гаалийн бүрдүүлэлт, татвар хураамж, зөрчил илрүүлэлт эрс нэмэгдсэн. Энэ оны наймдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд БНТУ-аас 50.5 килограмм алт, монет, мөнгөн эдлэл, БНЭУ-аас 4.1 килограмм мөнгөн эдлэл, БНСУ-аас 5.9 килограмм алт, монетан эдлэлийг Монгол Улсын нэр бүхий 18 иргэн импортолж нийтдээ 21 удаагийн гаалийн бүрдүүлэлтээр 171.3 сая төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлсэн.