Бизнес эрхлэгч ААН-үүд “Тэвчээр тасарлаа” уриатай хөдөлгөөнийг эхлүүлжээ. Үүний дагуу өнөөдөр Сүхбаатарын талбайд хүн хоорондын зай барьж, хоёр минут дороо гацаж флашмоб хийлээ.
Иргэдийн хувьд бизнес эрхлэгчдэд тулгарч буй асуудлуудыг нэгтгэн, дөрвөн заалт бүхий шаардлагыг Улсын онцгой комисст хүргүүлэхээр болоод байгаа талаараа хэлсэн юм. Цар тахлын үед бизнес эрхлэгчид туйлдаа хүрч, зарим нь гэрийнхээ тавилгыг зарж, хоол хүнсээ авч байна гэдгийг өнөөдрийн флашмобд оролцогчид хэлж байв.
Хоёр минутын турш хөдөлгөөнгүй зогсож, эсэргүүцэл илэрхийлсэн бизнес эрхлэгчид нэгдсэн мэдээлэл өгч байна.
Иргэн Д.Амартүвшин "Бидний бизнес, санхүү, хүсэл мөрөөдөл бүгд гацсан тул бид гашуудал зарлаж байна. Бид үүнээс илүү тэвчихгүй нь. Дарга нар наадам хийдэг, дарга нар жагсаж болдог харин иргэд хоригддог юм байна. Биднийг нэг жил зургаан сар хааж, хорьсон. Бид ажлаа эхэлмээр байна" гэлээ.
"Энд би эмч эмнэлгийн салбарын ажилчдын өмнөөс дуу хоолойгоо хүргэе гээд иргэн хүний хувиараа ирсэн. Учир нь эмнэлгийн салбарынхан цар тахлын голомт улаан бүсэд ажилладаг үлдсэн хэд нь амбулаторид үйлчилж байгаа болохоор өнөөдрийн флашмоб хөдөлгөөнд ирж оролцох боломжгүй. Тиймээс иргэн хүний хувьд тэдний төлөөлөл болон болж бүтэхгүй байгаа зүйлийг хэлье гэж ирсэн. Нөхцөл байдал одоо маш хүнд байна. Өмнө нь хөл хорио тогтоогоод бид өвчлөлөө тодорхой хэмжээгээр бууруулаад байсан бол сүүлийн үед нөхцөл байдал 3-4 дахин хүнд болж орны хангамж байхгүй болсон. Амьсгалын аппарат хүрэлцэхгүйн улмаас нас баралт маш их үүсэж байна. Хүнд нөхцөлд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн салбарынхан эмч, сувилагч нарынхаа цалинг нэмээч ээ гэдэг дуу хоолойг хүргэх гэж ирлээ”
Өнөөдрийн хөдөлгөөнд оролцсон бизнес эрхлэгч "Бизнес эрхлэгчид байр, машин, өөрт байгаа зүйлсээ зараад жил зургаан сарыг даван тууллаа. Өнөөдрөөс цааш бид тэвчихгүй нь ээ. Одоо зарах зүйл үлдсэнгүй. Бид төрөөс халамж, мөнгө хүсээгүй. Бид ажлаа эхлүүлмээр байна"