Өнгөрсөн долоо хоногт бид цэнхэр ягаан тасалбарын талаар мэдээллийг үзэгчдэд хүргэсэн билээ. Үүний дагуу үзэгчид цэнхэр ягаан тасалбартай гэдгээ хэрхэн мэдэх, мөн энэ талаарх мэдээллийг хаанаас яаж авах талаар манай сайтын дугаар луу холбогдож лавласны үндсэн дээр бид дахин тодруулга авахаар ҮЦТХТ СЭУХАА-ны дарга Х.Баттулгаас тодрууллаа.
ҮЦТХТ СЭУХАА-ны дарга Х.Баттулга: Зургаадугаар сарын 25-ны өдрийн байдлаар үлдэгдэл мөнгө маань нийт 29016 иргэний 705 сая төгрөг манайд хадгалагдаж байна.
Энэ мөнгийг иргэд ковидын үед авах хүсэлтэй байгаа бол мөнгө хүсэх өргөдөл гэж тусдаа брокерийн компани дээр байдаг. Та холбогдох брокерийн компани дээрээ очоод мөнгө хүсэх өргөдлийг бөглөөд өөрт холбоотой цэнхэр ягаан тасалбарын ноогдол ашиг, хувийг авах бүрэн боломжтой. Иргэдээс маш их асуултууд ирж байна. Би цэнхэр ягаан тасалбартай үгүйгээ яаж мэдэх вэ гэж. Хоёр арга зам байгаа.
Энэ нь иргэний нууцын тухай асуудал болохоор хамаагүй утсаар, фэйсбүүкээр, олон нийтийн сүлжээгээр тухайн иргэний хэдэн ширхэг цэнхэр ягаан тасалбар эзэмшиж байгаа. Хэдэн төгрөгтэй юм гэдгийг мэдээлэх боломжгүй байна.
Нэгдүгээрт, Сум, аймаг, нийслэлд байдаг ТҮЦ машин дээр хуруугаа уншуулаад үнэгүй мэдээллийг авах боломжтой. Манай дээр гарч байгаа төвлөрсөн хадгаламжийн мэдээлэл бүрэн эхээрээ ТҮЦ машин дээр байршдаг.
Хоёрдугаарт, өөрийнхөө брокер диллерийн компанийг мэддэг бол тэндээсээ үлдэгдлийн мэдээллийг асууж болно.
Гол барьж байгаа зүйл нь ТҮЦ машины мэдээллийг цахимаар хүргэхээр судалж байгаа. Одоогоор манайд тусдаа интернет үйлчилгээ байдаг. Энгийнээр хэлэх юм бол яг банк шиг. Та цэнхэр ягаан тасалбар эзэмшиж байгаа бол, магадгүй түүнийгээ мэдэхгүй бол манай дээр интернет данс нээлгэх юм бол таны бүх үлдэгдэл цахимаар шууд харагдах боломжтой.
Нас барсан иргэний мэдээллийг тухайн хариуцаж байгаа төвлөрсөн хадгаламжийн байгууллага гаргаж өгдөг. Яагаад гэвэл энэ нь өөр хүний мэдээлэл байдаг учраас тухайн нас барсан хүний гэрчилгээ өв хүлээн авах гэж байгаа хүний бичиг баримтыг үндэслээд манайх эндээ шалгаж өгдөг.
Одоогоор 52 брокерийн компаниуд үнэт цаасны компани гэсэн эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Бүх аймгуудад салбартай. Хүмүүс Төвлөрсөн хадгаламжийг ойлгохдоо, энэ бол брокерийн компани биш. Манайх үнэт цаас хадгалах үүрэгтэй. Өв залгамжлал бэлэглэл хийж байгаа нөхцөлд түүнийг нь шилжүүлж өгдөг ийм үүрэгтэй байгууллага юм.