Монголын Үндэсний бөхийн холбооноос өнгөрсөн гуравдугаар сард найман харцага цолтой бөх оролцсон “Хийморь” төслийг хэрэгжүүлсэн. Уг төсөлд орсон найман харцага цолтой бөхийн долоо нь буюу Улсын харцага О.Хангай, Д.Бат-Эрдэнэ, Х.Гантулга, Т.Баасанхүү, Т.Бэгзсүрэн, Ц.Одбаяр, Д.Анар нар сайн дураараа нэгдэн үндэсний их баяр наадмын өмнө БНСУ руу допингийн шинжилгээнд сорьцоо илгээжээ.
Энэ талаар МҮБХ "Монгол Улсын харцага цолтой бөхчүүд өөрсдийн санаачилга, санхүүжилтээр допингийн хяналтын шинжилгээ өгсөн. 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдөр зургаан бөх, ковид халдварын улмаас нэг бөх 2021 оны тавдугаар сарын 13-ны өдөр өгсөн.
Олон улсын допингийн эсрэг байгууллагын БНСУ дахь итгэмжилсэн лаборатори зургаан бөхийн шинжилгээний хариуг МҮДЭБ-д 2021 оны зургаадугаар сарын 10-ны өдөр, үлдсэн нэг бөхийн шинжилгээний хариуг зургаадугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн байна.
Шинжилгээгээр бөхчүүдээс допингийн төрлийн ямар нэгэн бодис илрээгүй хариуг МҮБХ-нд өчигдөр ирүүллээ" гэв.