Өрөг.мн сайтын сурвалжлах баг нийгэмд хэрэгтэй эерэг сурвалжилгыг уншигч, үзэгчдэд хүргэхийг зорьж байгаа билээ. Энэ удаа Богд Уулын аманд байрлах “Daily Dose” кофе шопоос сурвалжиллаа.
Эртэч амьдралын хэв маягтай иргэдэд тулгардаг асуудлуудын нэг нь манай улсад эрт үүд хаалгаа нээдэг үйлчилгээний газрууд төдийлөн байдаггүй. Байгуулагдаад нэг сар болж буй “Daily Dose” кофе шоп нь өглөөний 6:00 цагт нээж буйгаараа онцлог. Мөн уул руу алхах зам дагуу байрласан нь ууланд гарч буй хүмүүс, хөнгөн зууш, кофегоо гэртээ бэлдэж цаг үрэхгүй байх боломжийг бүрдүүлжээ.
Энэ талаар “Daily Dose” кофе шопыг үүсгэн байгуулагч Баяржаргал, “Найзтайгаа жилийн өмнөөс ярилцаж байгаад кофе шопоо нээсэн. Гол нь хүмүүст хүртээмжтэй зөв газраа олох хэрэгтэй гэж бодсоны үндсэн дээр уулын дэргэдэх энэхүү газрыг сонгосон юм. Өөрөөр хэлбэл агаар салхинд гардаг, эртэч амьдралын зөв хэв маягтай хүмүүст зориулсан байгаа.
Миний хувьд өглөө 7 цагт ууланд гарч байхад хүмүүс энэ цагаар бууж ирж байдаг. Мөн хүүхэдтэйгээ ууланд гарч байхад ороод суух газар байдаггүй нь хүндрэлтэй байдаг байсан. Ингээд энэ бүх асуудлуудыг анзаарч кофе шопоо нээсэн юм” гэлээ.