
АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт роботын тусламжтай өвдөгний үе солих мэс заслыг өчигдөр буюу 9 дүгээр сарын 7-нд амжилттай хийлээ. Энэ нь Монгол Улсад өндөр технологид суурилсан мэс заслын тусламж үйлчилгээг нутагшуулах, эмчилгээний нарийвчлал, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн чухал алхам болж байна.
Өвдөгний үений элэгдэл, гэмтэл болон бусад шалтгааны улмаас алхах, суух, босох зэрэг өдөр тутмын хөдөлгөөнд хүндрэл үүссэн тохиолдолд өвдөгний үе солих мэс засал хийх шаардлагатай болдог байна. Харин уг мэс заслыг роботын тусламжтайгаар хийх нь эмчид мэс заслын төлөвлөлтийг илүү нарийвчлалтай хийх, хиймэл үеийг зөв байрлуулахад технологийн дэмжлэг үзүүлдэг давуу талтай юм.
Манай улсад өмнө нь уламжлалт буюу гар аргаар хийдэг байсан. Монгол-Японы эмнэлэг уг технологийг Монгол Улсад анх удаа 2023 онд нэвтрүүлж, роботын тусламжтайгаар таван хүнд өвдөгний үе солих мэс засал хийж байсан. Тухайн үед гадаадын эмч, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, шинэ технологийг Монголын эмнэлгийн практикт нэвтрүүлэх эхлэлийг тавьсан юм. Харин өнөөдөр уг төрлийн мэс заслыг дахин хийж байгаа нь роботын тусламжтай мэс заслын технологийг эх орондоо байнга хийх, эмч мэргэжилтнүүдийн туршлага, ур чадварыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж байна.
Уламжлалт буюу гар аргаар хийдэг байхад жилдээ 50-80 хүн энэ төрлийн мэс засалд орох бололцоотой байсан бол роботын тусламжтайгаар жилдээ 100-150 хүнд хийх боломжтой юм. Энэ удаагийн мэс заслыг хийсэн Монгол-Японы эмнэлгийн Гэмтэл согог судлалын тасгийн эрхлэгч, АУ-ы доктор, дэд профессор Л.Наранбат эмчээс нөхцөл байдлын талаар тодрууллаа.

Өчигдрийн мэс засал амжилттай болсон. Одоогийн байдлаар өвчтөний биеийн байдал тогтвортой, амин үзүүлэлтүүд сайн байгаа. Уламжлалт буюу гар аргаар хийдэг мэс засал нь тухайн эмч гар багаж ашиглан хагалгааг хийнэ. Роботын мэс засал нь ясны тайралтыг роботын тусламжтайгаар хийнэ гэсэн үг. Энэ төрлийн мэс заслыг хийснээр ясыг гэмтээх багадлал бага. Хагалгааны өмнө хиймэл оюун ухааны тусламжтайгаар нарийн хэмжилтүүдийг хийж, ямар ясыг аль түвшинд хэдэн мм-ийн хэмжээтэйгээр тайрах вэ? гэдгийг тооцоолно. Үүний дагуу тухайн робот ясыг бодитойгоор 1-2 мм-ийн нарийвчлалтайгаар ясны тайралтыг хийж буйгаараа давуу талыг бий болгож байна. Мөн өвдөгний зөөлөн эд шөрмөс холбоосыг хор хөнөөл багатайгаар хийж буйгаараа онцлогтой. Өвдөлтийн хувьд илүү бага. Эдгэрэлтийн түвшин хурдан байдаг.
Роботын тусламжтай мэс засал нь эмчийг орлож, мэс заслыг бие даан хийдэг гэсэн үг биш юм. Харин эмчийн удирдлага дор ажиллаж, мэс заслын үеийн нарийвчлалыг нэмэгдүүлэхэд тусалдаг. Ялангуяа өвдөгний үений бүтэц, ясны байрлалд тохируулан мэс заслын төлөвлөлт хийх боломжтой нь энэ технологийн гол давуу талуудын нэг юм.
Энэ төрлийн өндөр технологийн эмчилгээг Монгол Улсад нутагшуулснаар өвчтөнүүд гадаад улсыг зорьж эмчлүүлэх шаардлага буурч, иргэд эх орондоо дэвшилтэт мэс заслын тусламж үйлчилгээ авах боломж нэмэгдэнэ. Үүнийг дагаад гадаадад эмчлүүлэхтэй холбоотой иргэдийн зардал буурахаас гадна эмчилгээний төлбөрт зарцуулагдах валютын гадагшлах урсгалыг багасгах эдийн засгийн ач холбогдолтой.


Мөн гадаад улсад эмчлүүлэхээр урт хугацаагаар хүлээх, зорчих шаардлага багассанаар өвчтөнүүдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж нэмэгдэх боломжтой. Цаашид роботын тусламжтай мэс заслын технологийг тогтвортой хөгжүүлж, дотоодын эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэн, энэ төрлийн тусламж үйлчилгээг Монгол Улсад тогтмол үзүүлэх нь иргэдэд үзүүлэх эмчилгээний чанар, хүртээмжийг шинэ түвшинд хүргэх юм.
Цаашлаад тус эмнэлэг түнхний хиймэл үе, нурууны хугарал бэхлэх мэс заслуудыг хөгжүүлэх бүрэн боломж нээгдэж байгааг хэлж байсан юм.
С.Бадамханд










