
Сингапур улсын засгийн газар яам агентлагуудынхаа удирдлагууд, тэр дундаа дэлхийн хамгийн өндөр цалинтайд тооцогддог төрийн тэргүүнийхээ цалинг нэмэхээр болжээ.
Сингапурын Ерөнхий сайд Лоуренс Вонгийн жилийн цалин 1.4 сая сингапур доллар буюу 1.1 сая ам.доллароор нэмэгдэх ба Л.Вонг цалингийн уг нэмэгдлээ ирэх 5 жилд сайн үйлсэд хандивлана гэжээ.
Ерөнхий сайд Л.Вонг сайд нарт өндөр цалин олгох нь уг албан тушаалд чадвартай, авьяаслаг хүмүүсийг татахад мөн авлига, хээл хахуультай тэмцэхэд чухал ач холбогдолтойг онцолжээ.
Сингапурын Ерөнхий сайд нь дэлхийн хамгийн өндөр цалинтай төрийн тэргүүн юм. Сингапурын Ерөнхий сайд жилд 2.2 сая сингапур долларын цалин авдаг ба цалин нь нэмэгдсэнээр жилд 3.6 сая сингапур ам.доллар буюу 2.8 сая ам.доллар авдаг болох аж.
Сингапурын засгийн газрын гишүүд жилд 1.1 сая сингапур долларын цалин авдаг ба засгийн газрын шийдвэрээр цалингийн хэмжээ нь 1.2 сая сингапур доллар болох аж. Ерөнхий сайд Л.Вонг сайд нарын цалинг ойрын жилүүдэд 1.35 сая сингапур долларт хүргэх хүсэлтэйгээ илэрхийлжээ.
Нөгөө талаас Сингапурт энгийн иргэдийн жилийн дундаж цалин дөнгөж 5775 сингапур доллар байхад сайд нарын цалинг нэмэхээр болж байгаа нь сингапурчуудын бухимдлыг төрүүлээд байна.
Сингапурын засгийн газар төрийн албан хаагчдын цалин өндөр байх нь авлига, хээл хахууль дэлгэрэхгүй байхад чухал нөлөөтэйг онцолсоор ирсэн ба Сингапур улс авлигын индексээрээ дэлхийд дээгүүрт бичигдэж ирсэн нь сайд нарын цалингийн тогтолцоо үр дүнтэй байгаагийн илрэл юм гэжээ.
Цалингийн хэмжээгээрээ Сингапурын Ерөнхий сайдын араас жилийн 719 мянган ам.долларын цалинтайгаар Хонконгийн тэргүүн бичигдэх бол түүний араас Швейцарын Ерөнхийлөгч жилийн 606 мянган ам.долларын цалинтайгаар 3-т орох аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп жилд 400 мянган ам.доллар, Их Британийн Ерөнхий сайд Энди Бёрнем 230 мянган ам.долларын цалин авдаг байна.
Эх сурвалж: BBC










