Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх мэдээлэл өглөө.
"Баянзүрх дүүргийн 26-р хороонд гуравдугаар сарын 17, 18-нд 11600 өрхийн 17550 иргэнээс шинжилгээ авахад одоогийн байдлаар 16 мянга гаруй иргэний сорьцын хариуг аваад байгаа ба 28 эерэг тохиолдол гарлаа. Ойрын болон дам хавьтлын тоо нэлээн өндөр гарсан ба 22-ныг хүртэлх хугацаанд шинжилгээг авч, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хийж байна.
Үүнд иргэд ч хариуцлагатай хандах хэрэгтэй байна. Хороон иргэдээс шинжилгээг авсны дараа вакцин хийх ажлыг ойрын хугацаанд зохион байгуулна. Хөл хориог 22-ныг хүртэл үргэлжлүүлэх учир иргэд та бүхэн идэвхтэй, хүлээцтэй хандана уу.
17 мянган иргэнээс шинжилгээг авна гэдэг амаргүй ажил. Мөн 28 иргэн халдвартай гэдэг ч их тоо. Үлдсэн 2000 иргэний сорьцыг шинжлэх ажил үргэлжилж байна.
Хуулиндаа хороон Засаг дарга уг нь ажлаа хүлээлцтэл ажлаа хийж л байх ёстой. Гэхдээ хорооны Засаг даргын ажил, улс төржилтөө дараа нь больё. Эхлээд хөл хорионы асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Иргэд яагаад эсэргүүцээд байгааг ойлгохгүй байна. Бид ЭМЯ-наас өгсөн чиг үүргийн дагуу явж байна. Мянга гаруй төрийн албан хаагчид хоол, нойргүй ажиллаж байна. Үүнийг иргэд ойлгож дэмжих хэрэгтэй байна. Нэг иргэн амь насаа алдсан нь маш их харамсалтай байна" гэлээ.
Түүнийг хөл хорионд байгаа, гадаа жагсаж буй хорооныхоо иргэдтэй уулзахыг хүссэн боловч тэрээр уулзахаас татгалзан явсан юм.