Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков улс оронд үүссэн нийгэм, улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр ард түмэндээ хандан үг хэллээ.
“Өчигдөр Жогорку Кенеш засгийн газрын бүрэлдэхүүнийг баталж, би холбогдох томилгооны талаарх ерөнхийлөгчийн зарлигуудад гарын үсэг зурсан хэдий ч энэ бүхэн хурцадмал байдлыг намжаасангүй. Намайг даруй огцрохыг шаардсаар байна. Одоогийн нөхцөл байдал хоёр талын мөргөлдөөнд хүргэхэд ойрхон байна” хэмээн тэрбээр хэлжээ.
"Цэргийн албан хаагчид, хууль сахиулах байгууллагууд төрийн ордныг хамгаалахын тулд зэвсэг ашиглах ёстой. Ийм тохиолдол цус урсах нь гарцаагүй. Өдөөн хатгалгад автахгүй байхыг би талуудад уриалж байна. Миний хувьд Киргиз дэх энх тайван байдал, улс орны бүрэн бүтэн байдал, ард түмний нэгдмэл байдал бүхнээс чухал. Иргэн бүрийн амьдралаас илүү үнэ цэнэтэй зүйл гэж үгүй. Би эрх мэдлийн араас зууралдаагүй. Цус урсгаж, ард иргэд рүүгээ гал нээсэн ерөнхийлөгч болж Киргизийн түүхэнд үлдэхийг би хүсэхгүй байна. Иймд албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргалаа” хэмээн Сооронбай Жээнбеков мэдэгдсэн байна.