Япон улсын судлаачид сарны уснаас гаргаж авсан устөрөгчийн түлшээр сансрын хөлгөө цэнэглэдэг болох зорилготой ажиллаж байгаа юм. Ингэж чадвал сансрын хөлөг дэлхийгээс шатахуун тээвэрлэж явах шаардлагагүй болно. Нарны гэрэл тусдаггүй сарны өмнөд туйлд их хэмжээний мөсний нөөц бий гэж эрдэмтэд үздэг. Япон улс 2030 оноос өмнө АНУ-тай хамтран сарны тойрог замд ажиллах Gateway хөлгийг бүтээж, хөөргөхөөр төлөвлөлөө. Үүний дараа 2035 онд сарны өмнөд туйлд түлшний үйлдвэр байгуулах юм байна.
Gateway хөлгөөс сарны гадарга дээр дөрвөн хүний багтаамжтай, олон дахин ашиглагдах станцыг буулгах ба уг станц нь саран дээр явах автомашинтай байх гэнэ. Станцтайгаа адил устөрөгчийн түлшээр ажилладаг автомашин нь нэг цэнэглэлтээр 1,000 км хүртэл зайнд аялах чадвартай байх юм.
Японы Сансар Судлалын Агентлагийн мэдээлснээр, сарнаас олборлосон мөсийг нарны эрчим хүчний тусламжтай задалж, хүчилтөрөгч ба устөрөгч болгож хуваана. Дараа нь эдгээрийг хооронд нь урвалд оруулах замаар эрчим хүч үүсгэх юм. Саран дээр ажиллах автомашин нь 2-4 хүний багтаамжтай байна. Сарны татах хүч сул тул машин дугуйгаар мөлхөж биш, агаарт дэгдэж явдаг байх гэнэ.
Японы эрдэмтдийн тооцоолсноор Gateway хөлгөөс ирэх, буцах нэг ээлжийн аялалд 37 тонн ус хэрэглэх бол сарны гадарга дээр автомашинаар нэг удаа аялахад 21 тонн ус шаардах юм.