Аймаг нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр энэ оны аравдугаар сарын 15-ны өдөр болно. Сонгуулийн бэлтгэл ажлын талаар СЕХ-ны гишүүн, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн мэдээллээ.
Тэрээр “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг өмнө нь нэгдсэн хуулиар зохион байгуулдаг байсан бол энэ удаагийнх бие даасан хуулиар зохион байгуулагдаж байна. Энэ сонгуулийн бэлтгэл ажил дөрөвдүгээр сарын 30-наас эхэлсэн юм. Аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо ажиллаж байна. Сумын 330, дүүргийн ес, хэсгийн 2141 хэсгийн хороо байна. Эдгээр хороодод нийт 18 мянга гаруй хүн ажиллаж байна. Үүн дээр мэдээлэл технологийн багийг нэмээд 21 мянга гаруй хүн сонгууль зохион байгуулахад ажиллаж байна” гэв.
Мөн энэ сарын 30-нд нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулж өгнө. Орон нутгийн ИТХ-ын мандатын тооны хувьд аймаг, нийслэлийн хэмжээнд 816, сум, дүүргийн ИТХ-ын мандатын тоо 7353 буюу нийт улсын хэмжээнд 8169 суудлын 17161 хүн өрсөлдөх гэж байна.
Аймаг, нийслэлийн 816 мандатын төлөө 1901, сумын ИТХ-ын 7062 мандатын төлөө найман намаас 14388, дүүргийн 291 суудалд 6 нам эвслээс 696 нэр дэвшигч өрсөлдөх тоо гарлаа.