
Наадмын өмнөхөн хамгийн их давтагдсан мэдэгдэл бол “шатахууны хомсдол үүсэхгүй” гэсэн амлалт байлаа. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон холбогдох байгууллагууд хангалттай нөөц бүрдүүлсэн, иргэд баяр наадмын өдрүүдэд ямар нэгэн хүндрэлгүй зорчих боломжтой хэмээн удаа дараа мэдээлж байсан юм.
Тухайлбал, 2026 оны долдугаар сарын 6-нд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дашпүрэв “Монгол Улс АИ-92 автобензиний 71.5 мянган тонн буюу ердийн хэрэглээний 33 хоногийн нөөцтэй байна. Иймээс Үндэсний их баяр наадмын үеэр шатахууны тасалдал үүсэхгүй” гэж албан ёсоор мэдэгдсэн. Энэхүү мэдээллийг төрийн байгууллагууд өргөн хүрээнд түгээж, иргэд ч шатахууны асуудалгүй гэсэн ойлголттойгоор орон нутгийг зорьсон юм.

Гэвч бодит байдал удалгүй эсрэгээрээ эргэв. Наадмын урт амралтын үеэр Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл зэрэг аймагт шатахуун түгээх станцууд худалдаагаа хязгаарлаж эхэлсэн бол зарим суманд шатахуун бүрэн тасарсан тухай мэдээлэл гарлаа. Улаанбаатар хотод хүртэл шатахуун түгээх станцуудын өмнө хэдэн зуун метр үргэлжилсэн дараалал үүсэж, жолооч нар хэдэн цагаар дугаарлах болов. Зарим компани шатахуун борлуулах хэмжээгээ нэг автомашинд лимит тогтоож, зарим нь түр хугацаанд үйл ажиллагаагаа зогсоосон нь нийлүүлэлтийн доголдол бодитоор эхэлснийг илтгэсэн юм.
Хомсдол нэмэгдэхийн хэрээр “шагийн бензин” хүртэл бий болов. Архангай аймагт нэг литр АИ-92 автобензин 5000 төгрөгөөр худалдаалагдсан тухай мэдээлэл олон нийтэд хүрсэн нь шатахуун стратегийн бүтээгдэхүүн болохыг, нийлүүлэлт тасалдахад зах зээл хэрхэн шууд хариу үзүүлдгийг харуулсан бодит жишээ болсон юм.
Хомсдол үргэлжилж байхад үнэ нэмэгдэв
Шатахуун олдохгүй байгаа энэ үед долдугаар сарын 15-нд АИ-92 автобензиний жижиглэнгийн үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэх шийдвэр гаргав.
Үнийн өсөлтийг салбарын сайд Г.Дамдинням “замын түгжрэлийг бууруулах бодлогын хүрээнд авч буй арга хэмжээ” гэж тайлбарласан ч олон нийтийн шүүмжлэл дагуулсан. Иргэдийн хувьд шатахуун ховордсон үед үнийг нэмсэн нь түгжрэлийг бууруулах бодлогоос илүү нийлүүлэлтийн доголдлын дарамтыг хэрэглэгчдэд үүрүүлсэн шийдвэр болсон гэж үзэж байлаа.
Тайлбаргүй төр, туйлбаргүй сайд
Д.Дашпүрэв “Монгол Улс ердөө нэг сарын шатахууны нөөц хадгалах агуулахтай. Наадмын өмнө 30 гаруй хоногийн нөөц бүрдүүлсэн ч өнөөдрийн байдлаар АИ-92 автобензиний үлдэгдэл 31 мянган тонн буюу 15 хоногийн хэрэглээтэй тэнцэж байна” гэж мэдэгдсэн юм.
Ингэснээр долдугаар сарын эхэнд 33 хоногийн нөөцтэй гэж мэдээлж байсан хэмжээ ердөө хоёр долоо хоног хүрэхгүй хугацаанд тал хувиар буурсан нь тодорхой болов.
Эндээс хэд хэдэн асуулт урган гарч байна. Наадмын хөдөлгөөн үнэхээр ийм хэмжээний нөөцийг богино хугацаанд шавхсан уу. Эсвэл ОХУ-аас ирэх нийлүүлэлт өмнө нь мэдээлснээс эрт доголдсон уу. Энэ хоёрын аль нь гол шалтгаан байсан талаар өнөөдрийг хүртэл тооцоо, тайлбар бүхий дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна.
ОХУ-ын нийлүүлэлт саарч, өөр эх үүсвэр хайж эхлэв
Хожим нь албаныхан ОХУ дотоодын зах зээлдээ шатахууны нөөц багассаны улмаас экспортын хэмжээгээ бууруулж эхэлсэн гэж тайлбарлав. Үүний улмаас Монгол Улсад нийлүүлэх хэмжээ төлөвлөснөөс багасчээ.


Нөхцөл байдлыг богино хугацаанд даван туулахын тулд БНХАУ-аас 6000 тонн Евро-5 АИ-92 автобензин, Евро-5 АИ-95 автобензин, Евро-5 дизель түлш авах хэлэлцээ хийсэн талаар мэдээлсэн. Мөн онгоцны түлшний эхний ээлжийн 3000 тонн бүтээгдэхүүнийг БНХАУ-аас нийлүүлэхээр болж, БНСУ-тай ч онгоцны түлш нийлүүлэх асуудлаар хэлэлцээ эхлүүлсэн байна.
6000 тонн бензин ердөө гуравхан хоногийн хэрэгцээ
Гэвч энэ тоо бодит хэрэглээтэй харьцуулахад төдийлөн их биш.
Албан ёсны мэдээллээр 31 мянган тонн АИ-92 автобензин 15 хоногийн хэрэглээтэй тэнцэж байгаа нь Монгол Улс өдөрт дунджаар хоёр мянга гаруй тонн автобензин хэрэглэдэг гэсэн үг. Энэ тооцоогоор БНХАУ-аас авах 6000 тонн АИ-92 автобензин нь ердөө гурав орчим хоногийн хэрэгцээг хангах хэмжээтэй байна.
Өөрөөр хэлбэл энэхүү импорт нь хомсдлыг бүрэн арилгах бус нийлүүлэлтийн тасалдлыг түр хугацаанд нөхөх арга хэмжээ болохоос урт хугацааны шийдэл биш юм.
Импортлогч компаниудын мэдээлэл бодит нөхцөл байдлыг илүү тодорхой харуулав
Шатахууны зах зээл дээрх бодит нөхцөл байдлыг импортлогч компаниудын мэдээлэл ч баталсан.
Сод Монгол групп ОХУ-аас шатахууны нийлүүлэлт төлөвлөсөн хэмжээнээс бага, тасалдалтай орж ирж байгааг албан ёсоор мэдэгдсэн. Энэ нь зах зээл дээр үүссэн хүндрэл зөвхөн хэрэглэгчдийн бухимдал бус импортлогч компаниудын өмнө тулгарсан бодит асуудал байсныг харуулсан юм.
Үүний зэрэгцээ Петровис группийн АИ-92 автобензиний нөөц харьцангуй багассан бол Шунхлай болон Тэс Петролиум компаниуд шатахуунаа лимит тогтоон худалдаалж эхэлсэн талаар албаныхан мэдээлсэн.
Ингэснээр улсын хэмжээнд шатахуун бүрэн дуусаагүй ч импортлогч компаниудын нөөц жигд бус болж, түгээлтийн сүлжээ доголдсоноор хэрэглэгчид бодит хомсдолтой нүүр тулсан нь тодорхой болсон.
COP17-ын өмнөх эрсдэл хэвээр үлдэв
Ирэх наймдугаар сарын 17-28-нд болох COP17 олон улсын хурлын үеэр нийслэлийн авто замын ачааллыг бууруулахын тулд автомашиныг тэгш, сондгой улсын дугаараар хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хэрэгжүүлэхээр болсон.
Гэвч шатахууны нийлүүлэлт хэвийн болохгүй бол автомашинууд тэгш, сондгойгоор бус шатахуунтай эсэхээрээ хөдөлгөөнд оролцох нөхцөл үүсэж болзошгүй гэсэн шүүмжлэл олон нийтийн дунд гарч байна.
Энэ удаагийн хомсдолыг зөвхөн баяр наадмын үеийн хэрэглээ өссөнөөр тайлбарлах боломжгүй. Илүү том дүр зураг нь Монгол Улс шатахууныхаа 95 орчим хувийг нэг улсаас импортолдог, стратегийн нөөц нь ердөө нэг сарын хэрэглээг даах хэмжээнд байдаг, нийлүүлэлт доголдоход богино хугацаанд өөр эх үүсвэрээр нөхөх боломж хязгаарлагдмал хэвээр байгааг дахин харууллаа.
ОХУ-ын нийлүүлэлт саарахад хэдхэн хоногийн дотор шатахуун түгээх станцуудын өмнө урт дараалал үүсэж, орон нутагт шатахуун тасарч, хар захын үнэ өсөж, улмаар БНХАУ, БНСУ-аас яаралтай нийлүүлэлт хайх шаардлага үүссэн нь өнөөгийн тогтолцооны хамгийн эмзэг цэгийг ил болгож байна.
Хэрэв импортын эх үүсвэрийг төрөлжүүлэх, стратегийн нөөцийг нэмэгдүүлэх, хадгалах агуулахын хүчин чадлыг өргөтгөх бодлого бодитоор хэрэгжихгүй бол өнөөдрийн шатахууны хомсдол ирэх жилүүдэд дахин давтагдах эрсдэл хэвээр үлдэхээр байна.
Шатахууны хомсдолын асуудал хурцдах үед Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өөрөө хэвлэлд, иргэдийн өмнө гарч ирэлгүй яриа өгнө гэж бултсаар БНСУ-ыг зорив. Яамныхаа Төрийн нарийн бичгийн дарга болон агентлагийн удирдлагуудаар тайлбар өгүүлсэн нь мөн шүүмжлэл дагууллаа.
Бензинээс болж, хариуцдаг салбар яамны бодит байдлаас зөрүүтэй мэдээллээс болоод ирэх намрын улс төр Учралын засгийн газрыг огцруулснаар эхлэх үү…







