
Кёнхи таеквондогийн клубын тамирчид 2026 оны долоодугаар сард Бүгд Найрамдах Солонгос Улсад зохион байгуулагдсан олон улсын хоёр томоохон тэмцээнд амжилттай оролцож, нийт 52 медаль хүртсэн бахдам амжилт үзүүллээ.

Эхний тэмцээн болох “Muju Expo” 2026 нь долоодугаар сарын 17-21-ний өдрүүдэд БНСУ-ын Мужү хот дахь “Taekwondowon” төвд зохион байгуулагдсан юм. Энэхүү арга хэмжээ нь зөвхөн таеквондогийн тэмцээнээр хязгаарлагдахгүй, оролцогчдод тухайн улсын соёл, уламжлалтай танилцах, таеквондогийн үүсэл хөгжил, үнэт зүйлсийн талаар илүү гүнзгий мэдлэг олгох боловсролын хөтөлбөрүүдийг хамтад нь хэрэгжүүлдгээрээ онцлогтой.
Тэмцээнд дэлхийн 27 орны 4,000 гаруй тамирчин өрсөлдсөнөөс Кёнхи клубээс хоёр дасгалжуулагч, 14 тамирчин оролцож, кёруги буюу тулаан, пүмсэ буюу тоот дасгалын төрлөөр нийт 27 медаль хүртсэн байна.
Үүний дараа долоодугаар сарын 25-26-ны өдрүүдэд Сөүл хотод болсон “Kimunyong Cup” 2026 олон улсын тэмцээнд клубийн тамирчид дахин амжилттай өрсөлдөж, есөн алт, долоон мөнгө, есөн хүрэл медаль хүртэн нийт 25 медальтайгаар тэмцээнээ өндөрлүүлжээ. Уг тэмцээнд дэлхийн 50 гаруй орны 5,000 гаруй тамирчин оролцож, ур чадвараа сорьсон нь тус тэмцээний өрсөлдөөн ямар өндөр түвшинд байсныг илтгэж байна.


Ийнхүү Кёнхи таеквондогийн клубын баг тамирчид хоёр олон улсын тэмцээнээс нийлбэр дүнгээр 52 медаль хүртэж, Монголын таеквондогийн спортын амжилтыг олон улсын тавцанд дахин бататгалаа.
Кёнхи клуб нь Монгол Улсын цорын ганц солонгос үндсэн багштай таеквондогийн клуб бөгөөд 2012 оны гуравдугаар сарын 1-ний өдөр байгуулагдсан. Тус клуб 2016 оноос хойш жил бүрийн зун тамирчдаа БНСУ-д зохион байгуулагддаг олон улсын тэмцээнүүдэд тогтмол оролцуулж ирсэн уламжлалтай.
Клубийн удирдлагын зүгээс олон улсын тэмцээн нь хүүхэд, залуусын спортын ур чадварыг хөгжүүлэхээс гадна өөр улсын соёл, ахуй амьдралтай танилцах, олон улсын орчинд өөрийгөө сорих, бие даах чадвараа төлөвшүүлэх үнэт боломж болдог хэмээн онцолж байна.
Мөн ийм төрлийн тэмцээнүүдэд оролцсоноор тамирчдын туршлага нэмэгдэж, спортын зэрэг, цол хүртэх, ирээдүйн амжилтынхаа бат бөх суурийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой аж.
Цаашид Кёнхи клуб Монголын хүүхэд, залуучуудыг дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай, сахилга баттай, ёс зүйтэй шилдэг тамирчин болгон төлөвшүүлэх зорилгын хүрээнд гадаадын сургалт, олон улсын тэмцээнүүдэд тогтмол оролцуулж ажиллахаа илэрхийллээ.















