
Нарантуул захын хөл хөдөлгөөн, худалдаачдын дуу, машины чимээ, хүмүүсийн яриан дундуур нэгэн эрийн цээлхэн хоолой бусдаас содон сонсогдоно.
“Харзны ус шиг мэлтэлзсэн,
Намуухан зөөлөн аашаараа…”
Ардын Жүжигчин С.Батсүхийн “Монгол бүсгүйн үзэсгэлэн” дууг цангинатал дуулах эрийг Ханшийн Мэсээ гэдэг. Нарантуул захын үүдээр орж гарах хүмүүст түүний дуу хэдийнэ танил болжээ. Хэн нэгэн нь түр азнан зогсож сонсоно. Харин гадаадын жуулчид түүний дууг сонсоод гар утсаараа бичлэг хийж, өөрсдийн цахим хуудсандаа хуваалцах нь ч бий.
Гэхдээ Нарантуулын үүдэнд дуу дуулж суугаа энэ эр анхнаасаа дуучин байсангүй.
Тэр амьдралынхаа туршид олон төрлийн ажил хөдөлмөр эрхэлж явсан нэгэн. Цэргийн алба хааж, барилгын засварчин хийж явсан. Дараа нь Нарантуул зах дээр гарын болон нүүрний алчуур зэрэг төрөл бүрийн бараа зарж, наймаа эрхэлж амьдралаа залгуулдаг байжээ. Өөрөөр хэлбэл, түүний хувьд Нарантуул зах бол зүгээр нэг дуу дуулдаг газар биш. Амьдралынхаа олон жилийг өнгөрөөсөн, хөдөлмөрлөж, хүмүүстэй танилцаж, амьдралаа залгуулж ирсэн газар нь.
Харин нэг л өдөр түүний амьдралын хэмнэл өөрчлөгджээ. Тэрбээр, хавдар тусаж, эмчилгээ хийлгэсэн байна. Эрүүл мэндийн шалтгааны улмаас өмнөх шигээ хүнд зүйл өргөж, бараа таваар зөөж наймаа хийх боломжгүй болсон аж. Ингээд наймаачин байсан тэр гэнэт л дуу дуулдаг болжээ.
Өмнө нь бараагаа дэлгэн сууж байсан тэр захын үүдэндээ одоо өөрийнхөө мэддэг, хайрладаг дуунуудаа дуулж сууна. Энэ нь түүний хувьд зүгээр нэг цаг нөхцөөх зүйл биш. Эрүүл мэндийн байдлаас шалтгаалан өмнөх ажлаа хийж чадахгүй болсон ч өөрийн гараар хөдөлмөрлөж, өөрийнхөөрөө амьдралаа үргэлжлүүлэх нэг арга нь дуу нь болжээ.
Түүний амьдралд сүүлийн жилүүдэд тохиосон хамгийн хүнд зүйл нь зөвхөн өвчин байсангүй, эхнэр нь өнгөрсөн жил нас барсан байна. Хань ижийтэйгээ хамт туулсан амьдрал нэг л өдөр өөрчлөгдөж, дэргэд нь байсан хүн нь үгүй болсон ч амьдралаа үргэлжлүүлсээр. Өөрийнх нь хэлсэнчлэн бусдад төвөг удахгүй, өөрийнхөөрөө амьдрахыг хүсдэг тэрбээр зовлонгоо бусдад үүрүүлэлгүй, өөрийнхөө замаар алхсаар байна.
Магадгүй түүний дууны цаана энэ бүх амьдрал нь шингэсэн байдаг биз.
“Бусдад төвөг удахгүй, өөрийнхөөрөө л амьдрахыг хүсдэг”
Мэсээ ахын амьдралд ажил хөдөлмөр гэдэг ойлголт үргэлж байсан. Цэргийн албанаас эхлээд барилгын засварчин, худалдаа наймаа гээд хийж үзээгүй ажил цөөн. Амьдралынхаа туршид нэг газраа сууж, хэн нэгнийг хүлээж амьдраагүй. Боломж гарах бүрд хөдөлмөрлөж, өөрийнхөө амьдралыг өөрийн хүчээр авч явжээ.
Тиймээс өнөөдөр ч тэр зүгээр суухыг хүсдэггүй. Хүнд зүйл өргөж чадахгүй болсон ч дуу дуулж чадна түүний амьдралын философи ч тун энгийн. “Бусдад төвөг удахгүй, өөрийнхөөрөө амьдрахыг л хүсдэг.”
Энэ үгийг хэлэхэд нь өнгөрсөн амьдралынх нь олон зураг давхардаж харагдана.
Цэргийн дүрэмт хувцастай залуу нас,
Барилгын засварчин хийж, хөдөлмөрийн хөлсөө авч байсан он жилүүд,
Нарантуулын лангуун дээр бараагаа дэлгэн суусан өдрүүд,
Хань ижийтэйгээ хамт өнгөрүүлсэн амьдрал,
Өвчинтэй нүүр тулж, эмчилгээ хийлгэсэн хүндхэн үе,
Тэгээд өнөөдөр…
Нарантуулын үүдэнд дуугаа дуулж суугаа Х.Мэсээ.
100 мянган төгрөгтэй буух өдөр ч бий, 5000 төгрөгтэй харих өдөр ч бий
Гудамжинд дуу дуулж амьдралаа залгуулна гэдэг тогтсон цалинтай ажил биш. Өнөөдөр хэдэн төгрөгтэй харих нь маргаашдаа баталгаагүй. Түүний хувьд ч ялгаагүй, хүмүүсийн хөл хөдөлгөөн ихтэй өдөр, дууг нь сонсох хүн олон байвал өдөртөө 100 мянган төгрөгтэй буух үе ч байдаг аж. Харин зарим өдөр бүтэн өдөржин сууж, дуугаа дуулсан ч ердөө 5000 төгрөг олох тохиолдол бий.
Нарантуул бол өдөр бүр мянга мянган хүн хөлхдөг, хэн нэгэн нь бараа авч, нөгөө нэг нь наймаа хийж, зарим нь яаран алхаж, амьдралынхаа нэг өдрийг өнгөрөөдөг хөл хөдөлгөөнтэй газар. Тэр олон хүний дунд Мэсээ ах өөрийн гэсэн жижигхэн орон зайтай бөгөөд тэр орон зайд нь түүний дуу, өнгөрсөн амьдралынх нь дурсамж, алдсан ханийгаа санах гуниг, өвчинтэй тэмцсэн өдрүүд, хөдөлмөрлөж ирсэн он жилүүд нь шингэсэн мэт. Гэхдээ энэ бүхний цаана хамгийн тод үлдэх зүйл нь амьдралаа үргэлжлүүлэх хүсэл нь юм. Тэр бусдыг өрөвдүүлэх гэж дуу дуулдаггүй, хэн нэгнээс тусламж хүсэж, амьдралаа бусдад даатгах гэж ч суудаггүй, харин өөрийнхөө хийж чадах зүйлээр өөрийнхөө амьдралыг авч явах гэж суудаг.
Нарантуулын үүдэнд дуугаа цангинуулан, амьдралынхаа замыг өөрийнхөөрөө туулсаар яваа түүнийг Ханшийн Мэсээ гэдэг.









