
Америкийн Johnson & Johnson компани тус компанийн тальк агуулсан бүтээгдэхүүнүүдээс болж өндгөвчний хавдартай болсон хэмээн тус компаниас нөхөн төлбөр нэхэмжилсэн олон арван мянган иргэдэд 5.5 тэрбум ам.доллар төлөхөд бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Johnson & Johnson компанийн хуулийн хэлтсийн дэд ерөнхийлөгч Эрик Хаас Johnson & Johnson компанийн тальк агуулсан бүтээгдэхүүнүүд нь хавдар үүсгэдэг гэдэг нь ямар ч үндэслэлгүй хэмээн онцолж, тус компани уг асуудлыг эцэслэн шийдвэрлэж, нэг талд гаргахын тулд нэхэмжлэгч нартай эвлэрлийн гэрээ байгуулахад бэлэн байна гэжээ.
Johnson & Johnson компани санал болгож буй 5.5 тэрбум ам.доллароороо 69 мянга орчим нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, төлбөрийг барагдуулахаар төлөвлөөд байгаа ба эхний ээлжид J&J компанийн уг саналыг мужийн болон тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан иргэдийг төлөөлж буй хуулийн фирмүүдийн 95 хувь нь зөвшөөрөх ёстой аж.
J&J компанийн тальк агуулсан хүүхдийн цацлагатай холбоотой асуудал 2009 оноос эхэлсэн билээ.
Тальк нь магни, силикон, хүчилтөрөгч, устөрөгчийн найрлагатай бодис бөгөөд байгальд ихэнхдээ асбест бодистой ойр олддог аж. Асбест нь хүний эрүүл мэндэд хортой, хавдар үүсгэгч бодис бөгөөд J&J компанийг шүүхэд өгсөн иргэд тус компанийн тальк агуулсан бүтээгдэхүүнүүд нь давхар асбест агуулсан байсан нь эрүүл мэндэд ноцтой хор хохирол учруулсныг онцолжээ.
2020 онд J&J компани АНУ-д хүүхдийн цацлагаа борлуулахаа зогсоож, 2022 онд хүүхдийн цацлагаа үйлдвэрлэхээ бүр мөсөн зогсооно гэдгээ зарласан юм.







