
Япон улсад 100 ба түүнээс дээш настай иргэдийн тоо анх удаа 100 мянгыг давж түүхэн рекорд тогтоожээ. Японы Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр 100 ба түүнээс дээш настай иргэдийн тоо 107 677-д хүрсэн бэ тэдгээрийн 88 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.
Японы хамгийн өндөр настай эмэгтэй 114 настай Кишимото Фүёо Киото хотод, хамгийн өндөр настай эрэгтэй 112 настай Като Хикарү Күмамото хотод амьдарч байна.
Зуун настнуудын тоогоороо 56 жил дараалан рекорд тогтоож байгаа Япон улсын Эрүүл мэндийн сайд Кеничиро Уэно анагаах ухаан, технологийн ахиц дэвшлийн ачаар олон тооны иргэд эрүүл, идэвхтэй урт насалж буйд баяртай байгаагаа илэрхийлжээ.
Мэргэжилтнүүд япончуудын урт наслалтад эрүүл хооллолт, амьдралын идэвхтэй хэв маяг хамгийн том нөлөө үзүүлж байгааг онцолдог билээ. Япончууд голчлон загас, ногоо болон цагаан будаагаар хооллож, барууны орнуудтай харьцуулахад ханасан тос бага хэрэглэдэг бөгөөд өндөр настнууд нь тогтмол алхаж, ихэвчлэн нийтийн тээвэр болон дугуйгаар зорчиж, дасгал хөдөлгөөн идэвхтэй хийдэг гэдгээрээ алдартай юм.
Өнөөдөр 65 ба түүнээс дээш настнууд Японы нийт хүн амын 30 орчим хувийг эзэлж байгаа бол 2070 он гэхэд энэ тоо 40 орчим хувь болтлоо өсөх төлөвтэй байна.
Хурдацтай хөгширч буй хүн амаас гадна тус улсад тулгарч буй томоохон асуудлуудын нэг нь хүн ам нь тасралтгүй буурч байгаа явдал юм. 2025 оны байдлаар Японд нэг эмэгтэйд оногдох хүүхдийн тоо 1.14 болж буурч, хоёроос бусад 45 мужид нь хүн амын тоо буурсан үзүүлэлттэй гарсан билээ. Энэ эрчээрээ үргэлжилбэл 2070 он гэхэд тус улсын хүн ам 87 сая болж буурах төлөвтэй байгаа аж.
1963 онд тус улсад 100 ба түүнээс дээш настай 153 хүн байсан бол 1981 онд энэ тоо 1000 болон өсөж, 1998 онд 10 000-д хүрсэн аж.
Эх сурвалж: BBC










