
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан өнөөдөр сүүлийн өдрүүдэд өөртэй нь нэр холбогдоод буй гүйцэтгэх ажиллагаа, зарим томилгоо болон холбогдох бусад асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ тэрбээр удган Б.Булнайтай холбоотой асуудлыг хөндөж, түүнийг Ерөнхий сайд асан Г.Занданшатарын ойрын хамаатан бөгөөд өөрийнх нь эсрэг улс төрийн зорилгоор гүтгэлэг, харлуулалт явуулж байна гэх байр суурь илэрхийлэв.
Мөн Г.Занданшатарыг хууль бус алт олборлолттой холбоотой гэх агуулгыг хөндсөн нь сайдын мэдэгдлийг зөвхөн гүйцэтгэх ажиллагаа, томилгооны асуудлаар хязгаарлагдахгүй, өмнөх Засгийн газрын тэргүүний нэртэй холбогдох улс төрийн шинжтэй маргаан руу өргөжүүллээ.
Харин С.Амарсайханы мэдэгдлийн үеэр ХЗДХЯ-ны гадна ирж байр сууриа илэрхийлсэн Б.Булнай өөрт нь холбогдуулан явуулж буй шалгалт, гүйцэтгэх ажиллагаатай холбоотой асуудлаар эсрэг тайлбар өгсөн юм.
Б.Булнай: Хүний нэр, ус дурдаагүй
Б.Булнай өөрийгөө хүний нэр, ус дурдаагүй, эмэгтэйчүүдийн эрх болон хүүхдийн бэлгийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо хүргэж ирсэн хэмээн тайлбарлав. Тэрбээр бодит кейсүүдээс сэдэвлэсэн 400 гаруй нийтлэл, мэдээллийг цахим орчинд нийтэлсэн бөгөөд дагавар охинтой ээжүүдэд сэрэмжлүүлэг хүргэх зорилготой байсан гэж мэдэгдсэн. Түүний хэлснээр энэ сарын 13-ны 16:00 цагт Дашцэрэн гэх хүнтэй уулзах үеэрээ сүрдүүлэгт өртсөн байна. Тухайн хүн “Махны машин ажиллаад эхэлчихсэн, чи хоригдохоо мэдэж байгаа биз дээ, тохиролцъё” хэмээн хэлсэн бөгөөд “Махны машин” гэх үг ямар учиртайг тодруулахад “Манай эзний хүсэл” гэж хариулсан гэж Б.Булнай ярив. Эзэн нь хэн болохыг асуухад С.Амарсайхан сайдыг нэрлэсэн гэх тайлбарыг өгсөн юм. Мөн уулзалтаас гарснаас нь хойш 10 минут ч болоогүй байхад түүн рүү дахин залгаж, байгаа газарт нь очсон гэж мэдэгдсэн хэмээн ярьжээ. Үүнтэй холбоотой камерын бичлэгийг ТЕГ-т эх хувиар нь өгсөн гэдгээ Б.Булнай хэлсэн байна.
Б.Булнай Хөвсгөлд амарч байх үед нь С.Амарсайханы гомдлоор шөнийн цагаар байцаалт авсан, өмгөөлөгч авах эрхээр хангаагүй, прокурорын зөвшөөрөлгүйгээр гар утсанд нь нэгжлэг хийж, Viber болон чат мэдээллийг үзсэн гэх гомдлыг гаргав. Түүнчлэн 74-16 УНК улсын дугаартай автомашин өөрийг нь байнга дагаж мөрдөж байгаа гэж мэдэгдсэн бөгөөд автомашиныг зогсоож асуухад “Ажлаа хийж байна, мөрдөн байцаагчаасаа асуу” гэсэн хариулт авсан хэмээн ярьжээ.
Түүний хэлснээр мөрдөн байцаагч нь “шалгалтын ажиллагаа явж байна”, харин хяналтын прокурор нь “дээрээс өгсөн үүрэг” гэсэн тайлбар өгсөн байна. Мөн ЦЕГ-ын Мөрдөн байцаах газрын дарга түүн рүү залгаж, “Бичлэгээ устгахгүй бол ялын зүйл анги нэмнэ” гэж сүрдүүлсэн гэх мэдээллийг өглөө.
Б.Булнай дээрх үйлдлүүдийг өөрийн эрх зөрчигдөж байгаа хэлбэр гэж үзэж буйгаа илэрхийлээд, С.Амарсайхан сайдтай нүүр тулан уулзаж, өөрт нь тавьж буй асуултад хариулт авах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн юм.
А.Намсамандын томилгоо, зарцуулалттай холбоотой асуудлыг хөндөв
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан мэдээлэл хийх үеэрээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, генерал А.Намсамандын томилгоо болон үйл ажиллагаатай холбоотой асуудлыг мөн хөндсөн. Тэрбээр А.Намсамандыг дэмжиж, генерал цол авахад нь салбарын сайдын хувьд Ерөнхийлөгчид саналаа оруулж байсан гэдгээ хэлэв. Гэвч А.Намсаманд өөртөө орон сууц авсан байхад алба хаагчид нь орон сууцгүй, хүсэлтээ өгөөд явж байгаа гэх асуудлыг тавьсан юм.
Мөн төсвийн зориулалтын дагуу бус хувийн хэрэгцээндээ 408 сая төгрөг зарцуулсан, хорих анги руу мөнгө шилжүүлээд өөрөө авдаг гэх зэрэг зарцуулалттай холбоотой асуудлыг дурдав. Түүнчлэн хорих ангиудад хууль бусаар тагнах, чагнах ажиллагаа явуулдаг гэх агуулгыг ч хөндсөн байна. Гэхдээ эдгээр нь сайдын мэдээлэл хийх үеэр хэлсэн мэдэгдэл бөгөөд холбогдох байгууллагын шалгалт, нотлох баримтаар эцэслэн тогтоогдсон эсэх нь тодорхойгүй байна.
Г.Занданшатарын нэр холбогдсон орд, тендерийн асуудал
С.Амарсайхан ШШГЕГ-ын харьяа нөөц ихтэй нүүрсний болон гантиг чулууны ордуудын асуудлыг мөн хөндөв. Тэрбээр Ерөнхий сайд асан Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа А.Намсамандтай хамтран эдгээр газрыг ашиглахаар тохирсон гэх агуулгыг хэлсэн юм.
Мөн Б.Булнайг Г.Занданшатарын ойрын хамаатан хэмээн тодорхойлж, цагдаагийн байгууллагын засвар үйлчилгээний тендерүүдийг авч, нууцаар хийдэг гэх мэдэгдлийг хийв. С.Амарсайхан “Энэ хүн яагаад миний өмнөөс хэрэг наймаалцаж байна вэ” хэмээн асууж, уг асуудлын цаана ШШГЕГ-ынхан өөрсдийнхөө ашиг сонирхлыг хамгаалж байна гэж үзэж буйгаа илэрхийлсэн.
Түүнчлэн камер байрлуулж цагдаагийн алба хаагчдыг барьцаалсан гэх агуулгыг ч хөндсөн юм.
С.Амарсайхан мэдээллийнхээ үеэр сайд асан Б.Энхбаярын нэрийг мөн дурдсан байна. Тэрбээр Б.Энхбаярыг 777 цагдааг халсан, 13 дахь сарын цалинг олгоогүй, 7.9 тэрбум төгрөгийг ШШГЕГ-ын генерал А.Намсамандтай үгсэн шилжүүлсэн гэх агуулгыг хэлжээ. Ийнхүү ХЗДХ-ийн сайдын өнөөдрийн мэдээлэлд гүйцэтгэх ажиллагаа, томилгоо, төсвийн зарцуулалт, тендер, орд ашиглалт зэрэг олон асуудал зэрэг хөндөгдсөн бөгөөд эдгээрийн дунд Ерөнхий сайд асан Г.Занданшатарын нэр ч тодорхой хэмжээнд холбогдлоо.
С.Амарсайханы мэдэгдэлд нэр нь холбогдсон Ерөнхий сайд асан Г.Занданшатар энэ цаг мөчид Самаркандад 46 дахь удаагийн Шатрын олимпиадад оролцож яваа юм.
Тиймээс түүний зүгээс дээрх мэдэгдэлтэй холбоотой тайлбар өгсөн эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Харин С.Амарсайханы хэлсэн асуудлууд болон Б.Булнайгийн эсрэг байр суурь, гомдлууд нь цаашид холбогдох байгууллагын шалгалт, нотлох баримтаар хэрхэн тодрох вэ гэдэг нь анхаарал татаж байна. Өнөөдрийн мэдээллээс харахад гүйцэтгэх ажиллагаа, хууль бус томилгоо гэх асуудлаар эхэлсэн маргаан улс төрийн хүрээнд өргөжиж, өмнөх Засгийн газрын тэргүүний нэр, ШШГЕГ-ын удирдлага, тендер болон орд ашиглалтын асуудлыг хамарсан өргөн хүрээний зөрчилдөөн болж байна.










