Тоон задлан: Төсөв “таргалж”, төр л томордог

Халаалтын улирал эхэлж, шахмал түлшийг нийслэлийн долоон дүүрэгт борлуулалтын 440 цэгээр 2275 тонн шахмал түлшийг түгээхээр ажиллаж байна. “Тавантолгой түлш” ХХК энэ халаалтын улиралд Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхөд нийт 427 мянган тонн шахмал түлш нийлүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа юм. Үүний 120 мянган тонн нь угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсэн шахмал түлш бол 307 мянган тонн нь хагас коксон түлш байна.
Энэ жил завсрын бүтээгдэхүүн буюу мидлингэн шахмал түлш худалдахгүй гэж мэдээлсэн. Харин “Эрдэнэс Тавантолгой ХК”-ийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр 120 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэж, 11 дүгээр сарын 01-ийг хүртэл нийслэлийн айл өрхийн хэрэглээнд нийлүүлэх юм. Тэгвэл идэр есийн хүйтэн буюу 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хагас коксон түлшийг худалдаанд гаргана. Одоогийн байдлаар 28.7 тонн хагас коксон түлшний нөөцтэй байгаа бол нийт 56.2 мянган тонн түлш нөөцлөөд байна. Түлшний үйлдвэрийн нэгдүгээр цех савлагааны бэлэн байдлыг хангаж, нийт 307 мянган тонн хагас коксон түлшийг савлаж, худалдаанд гаргах юм.
“Тавантолгой түлш” ХХК-ийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Г.Даваабаатар: Нийслэлийн хэмжээнд халаалтын улирлын турш үйл ажиллагаа явуулах 446 борлуулалтын цэг ажиллаж эхлээд байна. Түлшний үнэ өмнөх жилийн адил хэвээр хадгалагдах бөгөөд иргэд улаан шуудайтай шахмал түлшийг 3,750 төгрөгөөр худалдан авна. Харин арваннэгдүгээр сарын 1-ээс худалдаанд гарах хөх шуудайтай, баяжуулсан эрчим хүчний нүүрсээр үйлдвэрлэсэн шахмал түлш 5,000 төгрөгийн үнэтэй байна.Өнөөдөр буюу есдүгээр сарын 15-ны 13:00 цагийн байдлаар борлуулалтын цэгүүдээс 440 цэг нийт 2,275 тонн түлшний захиалга өгсөн байна. Мөн түлшний нийлүүлэлтийг борлуулалтын цэгүүдэд тасралтгүй хүргэж байгаа бөгөөд компанийн хэмжээнд 53 мянган тонн аюулгүйн нөөц бүрдүүлжээ. Нийслэлийн хэмжээнд түлш тээвэрлэлтийг 38 компанийн 250 гаруй тээврийн хэрэгслээр гүйцэтгэж байна. Халаалтын улирал эхэлж буй энэ үед цаг агаар харьцангуй дулаан байгаа учраас түлшний хэрэглээ одоогоор бага байгаа ч борлуулалтын цэгүүдийн захиалгыг өдөр бүр тухай бүрд нь хүргэх зохицуулалт хийж байгаа аж. Түлш борлуулалтын цэг дээр түр хугацаанд түлш дуусаж, иргэдэд олдохгүй байх тохиолдол гардаг ч захиалга өгсөн цэгүүдэд нийлүүлэлтийг өдөр бүр хийж, тасалдал үүсгэхгүй байхыг зорьж байгаа гэлээ.
Чингэлтэй дүүргийн 16-р хорооны 626-р цэгийн түлш борлуулагч Ч.Чанцалдулам: Манай борлуулалтын цэг долоо дахь өвөлдөө ажиллаж байна. Өнөөдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлээд, иргэдэд түлшээ худалдаалж эхэллээ. Иргэд түлш авахын тулд “Хотула” аппликейшнээ татсан байх шаардлагатай. Харин ахмад настнуудын хувьд иргэний үнэмлэхийнхээ QR кодоор түлшээ худалдан авах боломжтой. Манай цэгт түлш ачигдаж ирээд буулгасны дараа ихэвчлэн тухайн өдөртөө дуусдаг. Өдөрт дунджаар 5 тонн орчим түлш борлуулдаг. Харин ачаалал нэмэгдэж, хүйтний эрч чангарч эхлэх үед өдөрт 10 тонн хүртэл түлш хүлээн авч борлуулдаг. Иргэдийн эрэлт ихэссэн үед түлш хурдан дуусдаг ч дараагийн ачилтаа тухай бүрд нь авч, иргэдэд тасралтгүй хүргэхээр ажилладаг.












