
Боловсролын яамнаас 2026-2027 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай холбогдуулан мэдээлэл өглөө.
Энэ үеэр Боловсролын яамны Төрийн Нарийн бичгийн дарга Т.Ням-Очир “Хичээлийн жил 16-17 долоо хоног буюу хэт урт үргэлжилж байгаатай холбогдуулан багш, сурагчид ядрах, төвлөрөл буурах зэргээр нөлөөлж болзошгүй байгаа учир Ийм учраас 7-9 долоо хоног хичээллээд улирлын амралт таарахаар дөрвөн улирлын зохион байгуулалтыг хийсэн.
Бие даалтын долоо хоногийг нийслэлийн сургуулиудад хоёрдугаар улирлын төгсгөлд, хөдөө орон нутгийн хувьд гуравдугаар улирлынхаа эхэнд төлөвлөж өгч байгаа.
Цагаан сарын хугацаанд бүх нийтийн амралт таардаг. Цагаан сарын долоо хоногт бие даалтын долоо хоногийг гаргаж өгч байгаа. Ахлах ангийнханд цахим сургалтын долоо хоногийг гуравдугаар улирлын эхэнд гаргаж өгч буй.
Зургаадугаар сарын 1 гэхэд бага анги, зургаадугаар сарын 7-14-ний хооронд дунд, ахлах ангиуд амарсан байхаар зохицуулалт хийсэн.
СОР-17 Монголд болно. Урьдчилсан байдлаар 2800 гаруй зочид төлөөлөгчид ирэхээр байна. Зочид төлөөлөгчдийг наймдугаар сарын 17-нд эхлэх хуралд бэлэн байлгахын тулд нисэх онгоцны буудлаас 60 гаруй автобусаар зөөж, хотын төвд байрлах буудалд байршуулна. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа дээд боловсролын байгууллагын үйл ажиллагаа есдүгээр сарын 1-ний мягмар гарагт цахим хэлбэрээр эхлээд, есдүгээр сарын 14-ний даваа гарагаас танхимаар хичээллэж эхэлнэ. Ингээд гурав дахь долоо хоногоос дотуур байр оюутнуудаа авч эхэлнэ. Иймд оюутнууд есдүгээр сараас хойш Улаанбаатарыг зорих нь зүйтэй.
Харин цэцэрлэг, сургуулийн есдүгээр сарын 1-нээс танхимаар хичээллэнэ. Наймдугаар сарын 10-23-ны хооронд нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийг E–Mongolia-аар авна. Хэрэв шилжилт, хөдөлгөөн хийх бол наймдугаар сарын 7-ноос өмнө хаяг байршлын мэдээллээ эцэслэсэн байх ёстой шүү. Нийслэлийн сургуулиудын нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэлийг наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд E–Mongolia-аар авна. Наймдугаар сарын 14-ний өдөр гэхэд шилжилт хөдөлгөөнөө баталгаажуулаарай” гэлээ.







