
БНСУ-ын хоёр дахь том бизнес групп SK Группын эзэн Чэй Тэ Воныг шүүхээс экс гэргий Ро Со Ёнгд 944 тэрбум вон буюу 644 сая ам.доллар төлөхийг үүрэг болгожээ.
Чэй Тэ Вон, Ро Со Ёнг нар 2011 оны 9-р сараас тусдаа амьдарч, 2022 оны 12-р сард албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан ба 2024 онд давж заалдах шүүхээс Чэй Тэ Воныг экс гэргийдээ 1.38 их наяд вон төлөхийг үүрэг болгосныг 2025 оны 10-р сард БНСУ-ын Дээд шүүхээс хүчингүй болгож, өнгөрсөн баасан гарагт Сөүл хотын шүүх хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах тал дээр үүссэн маргааныг Чэй Тэ Вон гэргий асан Ро Со Ёнгд 994 тэрбум вон төлөх ёстой гэж шийдвэрлэжээ.
БНСУ-ын Ерөнхийлөгч агсан Ро Дэ Үгийн охин Ро Со Ёнг 1988 оноос хойш ханилсан эр нөхөр Чэй Тэ Вон нь гэр бүлээс гадуурх харилцаанд орж, хүүхэдтэй болсон асуудлаас болж нөхрөөсөө тусдаа амьдрах болж, эцэст нь гэр бүлээ цуцлуулсан аж. 2024 онд болсон давж заалдах шүүх хурлын үеэр Ро Со Ёнгийн өмгөөлөгч Чэй Тэ Вон хадам ааваасаа маш их тусламж дэмжлэг авдаг байсан тухай мэдүүлж байсан ба шүүгч 1991 онд Ро Дэ Ү хүргэндээ оффшор данснаасаа 30 тэрбум вон авч өгч байсан тул Чэй Тэ Вон экс гэргийдээ 1.38 их наяд тэрбум вон төлөх ёстой гэсэн шийдвэр гаргажээ. Харин Дээд шүүх Ро Дэ Үгийн оффшор дансан дахь мөнгийг Чэй Тэ Вон, Ро Со Ёнг нарын дундын хөрөнгө гэж тооцох боломжгүй хэмээн давж заалдах шүүхийн шийдвэрийг цуцалсан аж.
1953 онд даавуу, бөс барааны үйлдвэрлэгчээр эхэлж байсан SK групп нь өнөөдөр БНСУ-ын хоёр дахь том бизнес групп болж, Samsung компанийн ард бичигдэж байна. Өнөөдөр тус группын SK Hynix компани хиймэл оюун ухааны салбарт тэргүүлэгч Nvidia компанид чип нийлүүлж, өнгөрсөн 5-р сард зах зээлийн үнэлгээ нь 1 их наяд ам.долларт хүрсэн билээ.
Эх сурвалж: BBC







