
Францын баруун өмнөд зүгийн Жиронд ба Ланд муж, Испанийн Мадрид болон Авила мужид асаж буй ой хээрийн түймрүүдийн улмаас хоёр улсын эрх баригчид 220 мянга гаруй иргэдийг нүүлгэн шилжүүлжээ.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ой хээрийн түймэртэй тэмцэх ажилд цэргүүдийг дайчлахыг үүрэг болгосон бол Мадридын ойролцоо асаж байсан гурван түймэр нэг том түймэр болж нэгдсэнээр түймрийг унтраах ажил асар хүндрэлтэй болсон талаар Испанийн эрх баригчид анхааруулжээ.
Мадрид мужийн удирдлагууд энэ удаагийн ой хээрийн түймрүүд нь тус мужийн түүхэнд хамгийн их хор хохирол учруулж байгааг онцолж, ой хээрийн түймрүүд хурдацтай тархаж буй явдалд халуун, хуурай цаг агаар, хүчтэй салхи гол нөлөө үзүүлж байна гэжээ.
Өнөөдрийн байдлаар Мадрид мужид 6000 гаруй га газар, Авила мужид 9000 орчим га газар ой хээрийн түймэрт шатаад байгаа ба Европын холбоо Испани, Францад асаж буй ой хээрийн түймрүүдийг унтраах ажиллагаанд ус тээвэрлэдэг нисэх онгоц, нисдэг тэрэг зэргийг илгээгээд байгаа аж.
Европ тив нь дэлхийн дулааралд хамгийн хурдацтай автаж буй тив юм. Халуун, хуурай цаг агаараас болж тус бүс нутагт ургамал модод хатаж байгаа нь ой хээрийн гал түймэр гарах, хурдацтай тархах нөхцөлийг бүрдүүлсээр байна. Европт 2026 он гарснаас хойш ой хээрийн түймэрт шатсан газрын хэмжээ сүүлийн 20 жилийн дунджаас даваад байна.







