
-Хүний эрхийн мэдрэмжгүй ХЭҮК-
Наадмын маргааш түрүү бөхийн эхнэр нүүрсний хулгайтай холбоотой байж гэнэ гээд л монголчууд сошиалд үзэлцэв. Маргааш нь олны танил хүмүүсийн тойрч суугаад “Өнчин таван хүүхэд олоод порно хийж зарна” гэж ярьсан бичлэг сошиалд тархаж, тэд мөн л сошиал шүүхээр оров. Тэр дундаа өнчин охидыг насанд хүрэгчдийн кинонд тоглуулна хэмээн ярьж, бодож байсан гэх комедиан Хану буюу Ч.Хантүмэнг монгол даяараа “бүллидэж” байна. “Ази маркет – Япон хүнс” дэлгүүрээс нь бараа бүтээгдэхүүн худалдаж авахгүй байхыг олон нийт уриалж, Японы дэлгүүр рүү нь имэйл бичицгээж байна.
Хамгийн хоржоонтой нь дээрх мэдээллийн араас ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан “Монгол Улсад 2025 оны байдлаар 2802 бүтэн өнчин хүүхэд бүртгэлтэй байна. Үүнээс 48.5 хувь нь эмэгтэй. Төр хараа, хяналтаа сайжруулахгүй бол цаг үе ч хэцүү л болсон бололтой. Хүн бүр хүүхэд хамгаалагч байгаарай” хэмээн ярьсаар гарч ирэв. Насанд хүрэгчдийн кинонд тоглуулбал ийм олон өнчин хүн байгаа шүү гэж байгаа юм шиг дээрх тоог юуны учир дурдав. Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн нь хүртэл хүний эрхийн мэдрэмжгүй мэдэгдэл хийх гэж дээ…
-Тэд хэний командаар хөдлөв-
Хану шуугиан дэгдээсэн яриандаа уучлалт хүсжээ. Уучлалт гуйгаад зогссонгүй дараа нь бичлэг хийж “Над руу дайрч байгаа шигээ жинхэнэ порночид руугаа дайр” хэмээн өөрийгөө өмөөрөв.
Ханугаас бүгд ёс зүй нэхсэн ч ёс зүй нэхэж байгаа шигээ ёс зүйтэй хүн ховор байлаа. Ээжийг нь эхнэрийг нь ална, хүүхдийг хүчиндэнэ гэх мэтээр сошиалд ёс зүй авирлацгаав. Ерөнхийлөгчийн хэвлэл, Ерөнхий сайдын хэвлэл, Засгийн газрын гишүүд, улс төрчид гээд бүгд команд авсан юм шиг дараалж пост орууллаа. Тролл хаягууд ч бас дуу дуугаа авалцан сэвлээ. Ханугаас хошин шогийнхон өшөөгөө авлаа. Улс төрчид ч бас өшөөгөө авлаа гэж хэлж болохоор байна. Энэ сэдвээр дөрөөлж од болох хүсэлтэй хүмүүс болон ААН-үүд ч байлаа.
Дайны хажуугаар дажин гэгчээр хортой мэдээ мэдээлэлтэй тэмцэх ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханы тушаалаар байгууллаа гэх. Яг юу хориглох гээд байна вэ? Хортой мэдээ гэдгийг нь хэн тогтоох юм гээд олон асуулт урган гарч байна. Нийгмийн санаа бодлыг нэг асуудалд чиглүүлж байгаад сошиалыг хяналттай болгоё гэдэг ажиллагаа явуулаад байна уу?
М.ХОНГОР









