
Улсын заан Ц.Мягмарсүрэн, Улсын начин Г.Дармаажанцан, Аймгийн арслан Б.Тайван, Б.Даваадалай Х.Болдбаатар нарын Ховд, Завханы бөхчүүд Багахангай дүүргийн баяр наадмыг дөрвийн даваанаас нь шууд хаяж, улсын наадам руу явсан ёс зүйгүй үйлдэл гаргасан байна.
Мөн өчигдөр Увс аймгийн арслан Б.Өсөхбаяр Дархан-Уул аймгийн наадмын тавын даваанд Р.Омарыг амлан авчихаад барилдалгүй, өөрөө улсын наадамд зодоглон нэг давав.
Энэ мэт бөхчүүдийн уйваагүй байдлыг спортын сэтгүүлч С.Шижирбат шүүмжилжээ.
Тэрбээр “Аймаг дүүрэг сумдын засаг дарга нар найраатай наадмын цолыг олгохгүй гэдэг нь зөв. Хүчингүй болгосон ч болно. Монгол Наадам ингэтлээ доошоо орж байна. Эх Орон даяар улс аймаг сумын наадмыг зэрэг хийе гэж ярьдаг ч хүсдэггүй.
Ид үе нь өнгөрсөн улсын цолтнууд аймгуудын наадмыг самардаг, өөр аймгуудад давхар бүртгүүлдэг асуудлыг ч цэгцэлж чадахгүй байна. Санаатайгаар наадмаа хаяад найраагаа яриад амлуулсан бөх нь барилдахгүй давлаа. Амласан бөх нь өөр наадам руу явж байна, арай дэндүү шүү.
Жалга довын үзэл туйлшраад хэтэрчихсэн, хандлага сэтгэлгээгээ өөрчилж чадахгүй байна. Тухайн аймагт өөр аймгийн залуу бөхчүүд очиж барилдахаар хавчих луйварддаг хэрүүлийн асуудал жил болгон гарч байна, бичлэгүүд нь сэвэгдээд л.
Олон бөхтэй болоод хөгжөөд байна гэдэг ч тоо, чанар хоёр өөр юм шүүдээ, найраа хавтгайраад жил болгон 21 аймгаар олон цолтнууд төрөөд байгаа юмаа. Нэг л их өв соёл гээд яриад байдаг, өөрсдөө дэвслээд байдаг, энэ байдлаараа хэцүү байна даа.
Ард түмэн хэрсүү болсоор хууртагдахгүй болсоор ирээдүйд найраатай допингтой хэдэн юмыг юуг нь үздэг юм гэдэг үе рүү очно доо” хэмээжээ.
М.ХАВАР









