
Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны өрхийн тариаланч Ц.Амарсанаагийнд зочиллоо. Түүний гэргий Ц.Сүнжидмаа агрономч мэргэжилтэй бөгөөд ам бүл долуулаа, таван охинтой өнөр өтгөн гэр бүл. Том нь АШУИС-ийн тавдугаар курсийн оюутан. Харин хамгийн бага нь энэ жил дөрөвдүгээр ангид орж байгаа аж. Энэхүү айлд зочлоход өөдлөх айл үүднээсээ гэдэг шиг хашааных нь хаалгаар ороход хэчнээн хөдөлмөрч хүмүүс энд амьдардгийг хүүрнэж байлаа. Хашаанд нь 20 гаруй хүлэмж байсан бөгөөд биднийг очиход ид ажил бужигнаж байв. Ц.Амарсанаагийн гэр бүлийн гишүүн бүхэн өрхийн тариаланд оролцох агаад хөдөлмөрлөхгүй хүн үгүй ажээ. Тэд голдуу навчит ногоо, амтлагчийн төрлийн ногоонууд тарьдаг юм байна. Үүнээс гадна хашаан дотор нь модод, жимс, өнгө, өнгийн цэцэгс алаглана. Бараг л явган хүний замаас бусад бүх хэсгийн зай талбайгаа зохистой ашиглахыг хичээжээ.
Бүгд 0-ээс эхэлдэг
Тэднийг 2007 онд гэр бол болсны дараа агрономч бэртэй болж буй юм чинь хэмээн аав, ээж нь хашаагаа өгч, тэр жилээс мод, төмс тарьж эхэлжээ. Гэрийн эзэн Ц.Амарсанаа цалингийн зээл авч 20х6-гийн хэмжээтэй хүлэмж барьж, түүндээ салатны навч голдуу тарьжээ. Энэ үйл явдлаас тэд урамшиж, түүнээс хойш мөнгө л олдвол хуримтлуулах болж. Ийн хуримтлалаараа хүлэмж барьсаар, өдгөө 4000 м.кв 20 гаруй хүлэмжтэй болжээ. Бүх хүлэмжийг нөхөр нь барьсан тухай гэргий Ц.Сүнжидмаа инээмсэглэн яриандаа дурдаж байсан юм. Тэрээр “Манай нөхрийн аав, ээж мөн тариаланч хүмүүс байдаг. Ээж нь Монгол Улсын Гавьяат агрономч. Иймдээ ч манай нөхөр багаасаа газар тариалантай холбогдсон учраас зорилго нэг. Тэр байтугай анх танилцсан шалтгаан маань ч газар тариалангаас эхтэй” гэв. Ц.Сүнжидмаа 21 жил ажиллаж байгаа төдийгүй одоо бага газарт ухаалаг шийдлээр их хэмжээний ногоо тариалж байгаа юм. Тухайлбал, зуны хүлэмжид үрээр тарих юм бол хоёр удаа навчит ногоо хураана, үрсэлгээгээр тарих юм бол дөрвөн удаа хураадаг аж.
Шантармаар байсан ч мэрийсэн өдрүүд..


Ажил хийвэл ам тостоно


Тэд жил бүрийн дөрөвдүгээр сарын 20-ноос аравдугаар сарын 10 хүртэл ажилладаг. Ингэж л ашигтай богинохон улирлыг ашиглахгүй бол зун олсон орлогоо өвөлдөө хүргэх болдог. Иймд тэд өглөөнөөс үдшийн бүрий хүртэл ажилладаг байх нь. Тэдний өглөө 04.00 цагаас эхэлдэг. Ийн эртлэн босоод барс зах руу явж дундын ченжүүдэд ногоогоо хүргэж өгдөг байх нь. Тэгээд өдөр нь усалгаа, үрсэлгээ, цэвэрлэгээний ажил тэднийг “тосно”. Ц.Амарсанаагийнх хавар нь үрсэлгээгээ хийж эхэлдэг юм байна. Үрсэлгээгээр тарихаар нэг бүрчлэн гар бие оролцох хэрэгтэй болдог аж.
Тэд ургацаа хураах өдрүүдээ талбайн түүхийн дэвтэр дээрээ тэмдэглэл хөтөлдөг. Учир нь ногоо бүрийн болцын хураалтын хоног харилцан адилгүй байдаг. Тэр ч утгаараа ийн тэмдэглэж авдаг байх нь. Бас нөгөөтээгүүр хөрсний сэлгээ хийхэд тэмдэглэж авсан мэдээллүүд их нэмэр болно. Тодруулан хэлбэл, энэ жил салатны навч тарьсан хөрсөн дээрээ дараа жил дахиад салатны навч тарих ёсгүй. Дараа жил нь өөр ногоо тарих ёстой байдаг аж.
Тэд таван охиндоо нэг, нэг хүлэмж хариуцуулан өгчээ. Бүгд өөрсдийн хүлэмж рүүгээ өдөр бүр орж, усалгаа, арчилгааг нь аав, ээжтэйгээ хамт хийнэ. Ингэснээр аав, ээж, охидын орлого тус тусдаа тооцоологддог байна. Хүүхдүүдээ чанартай боловсрол эзэмшүүлэх нь тэдний зорилго гэнэ. Талбай дээр ажиллаж байгаа тариалалтын орлогын ихэнх хувь нь хүүхдүүдийнх төлбөрт зориулагддаг гэнэ. Хашааны хэсэг, булан бүрд тэдний олон жилийн хөдөлмөр, сэтгэл зүрх, ургацтай нь хамт өдөр бүр шинээр дэлгэрч, арвижиж байгаа нь мэдрэгдэнэ. Хүн хичээж чадвал юу хийж, хэн болж болохын баталгаа нь тэр биз ээ.
Г.Хэрлэн









