
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталснаар малчин өрхийн хүүхдүүдийн боловсрол эзэмших хэлбэртэй холбоотой шинэ зохицуулалт бий боллоо. Тус өөрчлөлтөөр тухайн онд найман нас хүрэх малчин өрхийн хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд элсүүлэн сургах бөгөөд сургуульд суралцаж буй малчин өрхийн хүүхдийн нэг болон хоёрдугаар ангийн сургалтыг эцэг эх, асран хамгаалагчийн хүсэлтээр зайн болон цахим хэлбэрээр зохион байгуулах боломжийг нээж өгсөн. Ийнхүү суралцсан хүүхдүүд гуравдугаар ангиасаа эхлэн танхимын сургалтад шилжин суралцахаар тусгагдсан бөгөөд уг зохицуулалтыг хэрэгжүүлэх журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар хуульд заажээ.
Хуулийн төсөл санаачлагчдын зүгээс энэхүү зохицуулалт нь малчдын ахуй амьдралын онцлогийг харгалзан үзсэн, хүүхдийг гэр бүлээс нь холдуулахгүйгээр боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх зорилготой гэж тайлбарлаж байгаа. Гэвч нөгөө талд боловсролын салбарын мэргэжилтнүүд, хүний эрхийн байгууллагууд, зарим малчдын төлөөлөл уг зохицуулалтыг эрс шүүмжилж байна.

Хил хязгааргүй ТББ-ын захирал Н.Баярсайхан:
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд малчдын дуу хоолойг тусгаж чадсан уу?
Энэ хуулийг хэлэлцэхдээ малчдын бодит дуу хоолойг сонссон уу гэвэл үгүй. Малчдын оролцоог хангаж байна гэсэн нэрийдлээр 126 гишүүн малчдад таалагдах гэж шийдвэр гаргаж байна. Зүгээр л дэмжсэн кноп дараад дуусдаг. Харин ард нь энэ шийдвэрийн хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг эргэлзээтэй байна.
Ялгаварлан гадуурхалт үүсгэж байна гэж үзэж байгаа шалтгаан нь юу вэ?
Хотын сургуулиуд гурван ээлжээр хичээллэж, ачаалал ихтэй, эрсдэлтэй орчинд суралцаж байгаа бага ангийн хүүхдүүдийг адилхан цахимд шилжүүлж чадах уу?
Хот, хөдөөгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид өнөөдөр ч ялгаатай нөхцөлд суралцаж байна. Ийм байхад сургалтын чанарыг улам бууруулж, бие даан суралцах чадвар бүрэн төлөвшөөгүй байгаа нэг, хоёрдугаар ангийн хүүхдүүдийг цахимд шилжүүлж байна. Тэд гуравдугаар ангид орохдоо унших, бичих чадвараа бүрэн эзэмшсэн байх уу гэдгийг бодох хэрэгтэй.
Мөн хүүхдийн нийгэмшилд шууд нөлөөлнө. Гуравдугаар ангид ороод анх удаа сургуулийн орчинд орж ирэхэд дасан зохицох хүндрэл, сэтгэл зүйн дарамт үүсэх, цаашлаад үе тэнгийн дээрэлхэлтэд өртөх эрсдэлтэй.
Хууль батлагдчихлаа. Одоо та бүхний зүгээс ямар арга хэмжээ авах вэ?
Бидний өмнө гурван шатны боломж байна. Нэгдүгээрт, Ерөнхийлөгчөөс уг хуульд хориг тавих. Хоёрдугаарт, сурч боловсрох эрхэд халдсан хүний эрхийн зөрчил гэж үзэн Үндсэн хуулийн цэцэд хандах. Гуравдугаарт, малчдын төлөөлөл нэгдэн олон улсын байгууллагад хандах асуудлыг судална.
Малчдын зүгээс нэгдэж, батлагдсан хуулийг эсэргүүцэх чиглэлээр бүх хүчээ дайчлан ажиллана. Энд 390 мянган малчны эрх ашиг яригдаж байгааг онцлон хэлмээр байна.


Өмнөговь аймгийн Хүрмэн сумын малчин Ё.Цэдэвсүрэн
Та өөрийнхөө ач, зээг нэг, хоёрдугаар ангид нь цахимаар суралцуулах уу?
Би лав өөрийнхөө нэг, хоёрдугаар ангийн ач, зээг цахимаар суралцуулахгүй. Хөдөө төрж, өссөн гэдгээрээ хүүхдүүд шууд ялгаварлан гадуурхалтад өртөж байна. Ирээдүйд инженер болох, гадаадад тэтгэлгээр суралцах зэрэг боломжийг нь сааруулсан шийдвэр энэ хуулийн төслөөр дамжлаа гэж харж байна.


Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Байгаль хамгаалагч Ц.Ундармаа
Энэ хуулийн төсөл практикт хэрэгжих боломжтой юу?
Малчин өрхийн амьдралын бодит нөхцөлөөс харахад хэрэгжүүлэхэд хүндрэлтэй. Цастай, бороотой, байгалийн гамшигт үзэгдлийн үед малынхаа араас явж байгаа малчин хүн нэг бол туслах малчинтай болох, эсвэл гэрийн багш ажиллуулах, үгүй бол хүүхдийнхээ хичээлийн турш хамт суух шаардлагатай болно. Энэ нь малчин өрхийн ахуйд нийцэхгүй.
Боловсрол тэгш, хүртээмжтэй байх зарчмыг зөрчиж байна гэж үзэж байна уу?
Шууд ялгаварлан гадуурхаж байна. Шилний цаана хөдөө орон нутгийн хүүхдүүдийг үлдээж байгаа хэрэг. Эцэг эх нь тавдугаар ангийн боловсрол ч эзэмшээгүй өрхүүд орон нутагт бий. Гэтэл хүүхэддээ уншиж, бичих зэрэг суурь чадварыг эзэмшүүлэхэд нь туслах боломж хүн бүрт адилхан байхгүй. Мянга мянган малчин яг ийм бодолтой байгаа гэж бодож байна.
Эцэг эх байх үүргээ биелүүлээд хүүхэдтэйгээ хамт хичээл хийж болдоггүй юм уу?
Малчин өрхүүд эцэг эхийнхээ үүргийг биелүүлж, хүүхдүүддээ эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхийн тулд малаа маллаж, орлого олдог. Энэ бол нүүдэлчин амьдралын салшгүй хэсэг.
Гэтэл цаг агаарын хүндрэлтэй үед малаа бэлчээх, хамгаалах шаардлага гардаг. Тэр үед хүүхдийнхээ хичээлийн цагт хамт сууж хичээл заах уу, эсвэл малаа маллах уу гэсэн сонголтын өмнө орно. Энэ нь малчин ахуйн бодит нөхцөлд хэрэгжих боломжгүй шийдэл. Үүний улмаас хүүхэд хичээлээсээ хоцорч, боловсрол эзэмших боломжоо алдах эрсдэлтэй.









