
Өчигдөр “Элсэлтийн шалгалт” эхэлсэн билээ. Цахим орчинд Англи хэлний хичээлийн шалгалтын хариу 2,5 саяар зарна гэх мэдээллийн дагуу Боловсролын сайд Л.Энх-Амгалангаас тодруулга авлаа.
–Жил болгон Элсэлтийн шалгалтын (ЭШ) материал задарсан гэх яриа гардаг. Энэ жил ч бас англи хэлний хичээлийн шалгалтын материал задарч, Боловсролын үнэлгээний төвийн ажилтан 2.5 сая төгрөгөөр хүүхдүүдэд зарсан гэх мэдээлэл байна. Үүнд тайлбар өгнө үү?
-Элсэлтийн шалгалтыг жил бүр зохион байгуулдаг учраас үүнтэй холбоотой гомдол, маргаан, янз бүрийн саналууд гардаг. Гэхдээ сүүлийн гурван жилд элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалтыг эрс сайжруулж, үл итгэх байдлыг цэгцэлсэн. Шалгалтын сэдэв, даалгавартай холбоотой маргаан жил ирэх тусам буурч байна. Бид аль болох хэл ам багатай, шударга, ил тод, хүүхэд бүрд хүртээмжтэй орчныг бүрдүүлэхийг зорин ажиллаж байна.
Энэ жилийн шалгалтын онцлог нь зохион байгуулахаас өмнө Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан, нийслэл, дүүрэг, аймгийн Боловсролын газрын дарга нарыг оролцуулсан Онцгой комисс ажиллаж байна. Комиссын бүрэлдэхүүнд Цагдаа, Замын цагдаа, Тагнуул, Эрчим хүч, Цахим хөгжлийн хариуцсан төрийн байгууллагуудын төлөөлөл бүрэн багтсан.
Элсэлтийн шалгалт дөрөв хоногийн турш үргэлжлэх бөгөөд өнөөдөр хоёр дахь өдрөө байна. Улсын хэмжээнд 55 төв дээр өдөрт хоёроос гурван шалгалт авч байгаа. Энэ хугацаанд хүүхдүүдийг замд түгжрэхгүй, шалгалтаасаа хоцрохгүй байх нөхцөлийг Замын цагдаагийн алба Улаанбаатар хот болон бүх аймагт хариуцан ажиллаж байна. Эрчим хүчний хувьд шалгалтын үеэр тог цахилгаан таслахгүй байх тал дээр анхаарч байгаа бол Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яам болон харьяа байгууллагууд 55 төвийн интернетийн сүлжээг тасралтгүй ханган ажиллаж байна. Мөн Цагдаагийн байгууллага ерөнхий хяналтыг тавьж байна.
Шалгалтын сэдэв, даалгаврыг Тагнуулын ерөнхий газрын хяналт дор нууцлалтайгаар боловсруулж, битүүмжлэн багцалдаг. Шалгалт эхлэхийн өмнө хүүхдүүдийн нүдэн дээр лацыг нь шалгуулж байж задалдаг. Тиймээс өчигдөр нийгмийн сүлжээгээр тархсан мэдээлэл ор үндэсгүй гэдгийг Боловсролын сайдын хувьд хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Хэрэв үнэхээр тийм асуудал байгаа бол Боловсролын үнэлгээний төвийн ажилтны нэр ус, баримтыг нь гаргаж ирэх хэрэгтэй. Хүнийг гүтгэж болохгүй. Нэр хаяггүй цахим хуудсаар нийгмийг доргиосон, үймүүлсэн мэдээлэл тарааж болохгүй.
Энэ жил улсын хэмжээнд 48 мянган хүүхэд шалгалт өгөхөөр бүртгүүлсэн. Хамгийн их шалгуулагчтай хичээл нь англи хэл юм. Өчигдөр би өөрийн биеэр шалгалтын үйл явцтай танилцлаа. Шалгалт дууссаны дараа материалыг анги танхимд нь автомат машинаар уншуулж, хүүхдүүд анхны дүнгээ шууд хараад гарч байгаа. Эдгээр үйл явц нь бүгд хүний хүчин зүйлээс хамааралгүй, автомат системд шилжсэн.
–Тэгвэл тэр автомат машин хэр найдвартай вэ?
-Тухайн автомат машиныг сонгуулийн хар машин шиг хардаж сэрдэх ямар ч зүйл байхгүй, бүрэн найдвартай.
-Орон нутаг, аймгууд руу шалгалтын материалыг (жишээ нь, түүхийн хичээл дээр) хэд хоногийн өмнө хэрхэн хүргэдэг вэ? Тэрийг сургуулийн захирал ч юм уу, хэн нэгэн давуу байдлаа ашиглан урьдчилж нээж үзээд, өөрийнхөө хүүхдэд харуулах боломж бий юу?
Материалыг дипломат шуудангаар тээвэрлэдэг. Шуудан бол тусгай чанга хяналт дор явдаг бөгөөд хэн нэгэн хувь хүн цүнхэндээ хийгээд явчихдаг асуудал биш. Түүнчлэн аймаг бүр дээр Боловсролын ерөнхий газар, Тагнуул, Цагдаагийн байгууллагын төлөөлөл багтсан ажлын хэсэг Улаанбаатар хотоос очиж хяналт тавьж байгаа. Шалгалтын үйл явцыг хэвлэл мэдээллийн байгууллагууд ч нээлттэй харах боломжтой.
Өнөөдрийг хүртэлх хугацаанд шалгалтын явцад хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн, эсвэл шалгалтыг хүчингүй болгосон тохиолдол гараагүй. Өглөө бүр 09:00 цагт Боловсролын яам, Төрийн нарийн бичгийн дарга, Боловсролын үнэлгээний төвийн удирдлагууд болон аймгуудын Боловсролын газрын дарга нартай цахимаар хуралдаж байна. Шалгалт авч буй 55 төвийн нөхцөл байдал болон өмнөх өдрүүдийн шалгалтын зохион байгуулалтыг бид өдөр бүр шуурхай мэдээлж байгаа.
Бид эрчим хүч, цагдаа, замын цагдаа, цахим хариуцсан мэргэжилтнүүдийг үүрэгжүүлэн ажиллуулахаас гадна шалгалтын төвүүд дээр сэтгэл зүйчдийг ажиллуулж байна. Өдгөө бүх сургууль сэтгэл зүйчтэй болсон. Хүүхдүүд шалгалтын өмнө маш их сэтгэл зүйн сандралд ордог, шалгалтын дараа ч айдас нь арилдаггүй учраас эцэг эхчүүд ч дагаад бухимддаг. Тиймээс энэ жилийн хувьд хүүхдүүдийн сэтгэл зүйн бэлтгэлд онцгойлон анхаарч, сэтгэл зүйчдийг дайчлан ажиллаж байна.
Б.Уранзаяа









