
Жилээс жилд монголчуудын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн “Махны үнэ” тэнгэрт хадсаар л байна. Үнэн хэрэгтээ хүн амын тоондоо хуваахаар өсгөж, үржүүлж буй малын тоо толгой нь нэлээн хэд давчихсан. Гэтэл бид махаа хөрсөн дээр буусан боломжийн үнэ өртгөөр худалдан авч, хүнсэндээ хэрэглэж чадахгүй л сууна. Ямар сайндаа л “Мах магнаг” боллоо. Галуу, шувуу, тахиа, гахайны махаа идье, эсвэл цагаан хоолтой болцгооё хэмээн хошигнож байхав дээ…
Махны үнээ ярьж, хэлэлцэж, талцаж суусаар нэг л мэдэхэд Үндэсний их баяр наадам хэдийнээ хаяанд ирчихжээ. Харин айл бүрийн л монгол хүн наадмаар ганц нэг шинэ шөл уучих бодолтой, санаа сэтгэлээ чилээж суудаг.
Тэгвэл Улаанбаатар хотын төвөөс 20 орчим километр зайд орших Эмээлт амьд малын захыг бид өглөө эртлэн зорилоо.
Эмээлт зах дээр хонь 250-700 мянган төгрөг
“Манай хашаанд байгаа малыг 250-550 мянган төгрөгийн хооронд худалдаалж байна. Төлөг 250 мянга, нас гүйцсэн эр хонь 550 мянга. Голцуу Өвөрхангай аймгаас орж ирсэн хонь худалдаалж байна. Эр хонь авч байгаа хүн гэж алга. Өмнө жил махны үнэ тэнгэрт хадлаа гээд байсан, энэ жил бүр цойллоо” гэв.
- Төлөг: 250.000 – 350.000 төгрөг
- Хязаалан хонь: 500.000 – 550.000 төгрөг
- Эр хонь: 550.000 – 800.000 төгрөг
Говийн малын мах ногооны шим сайн учраас амттай
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын малчин Э.Үүрцайх:
“Ямаа гадуур бойнд орчихдог учраас худалдаалахгүй байгаа. Өнөөдөр өглөөнөөс 10-15 хонь зарлаа. Бага насны хонь сайн зарагддаг. Говийн малын мах ногооны шим сайн учраас амттай гэж ярьдаг. Хангайн махаа идээд сурчихсан хүн бол хангайн малын махаа, говийн мах иддэг хүн говийн махаа иддэг дээ. Хязаалан хонь 500 мянган төгрөгөөс эхэлнэ.”
Махны гарцын хувьд дундаж хониноос 20–23 кг, харин том бүдүүн эр хониноос 30 гаруй килограмм мах гардаг гэж малын ченжүүд хэлж байлаа. Мөн худалдан авагчид ногооны шимтэй говийн хонины махыг амт чанар сайтай хэмээн үздэг байна. Харин ямааны хувьд гадуур бойнд орж байгаа тул зах дээр харьцангуй ховор, үнэ өндөртэй ажээ.
Авсан малаа гаргуулж, эвдүүлж, гэдэс дотрыг нь цэвэрлүүлбэл 30 мянган төгрөг нэмж төлнө
Эмээлт малын захын ажилтан Н:
“Хонины махаа эвдээд, гэдэс дотроо цутгаад очоод идэхэд бэлэн болгоод өгөхөд 30 мянган төгрөг. Толгой, шийр хуйхлах 10 мянган төгрөг. Эмээлт малын зах дээрээс мал авч байгаа иргэдийн дийлэнх нь малаа гаргуулаад аваад явдаг. Манайх монгол аргаар малаа янзалж, төхөөрдөг. Нэг малын гэдэс цэвэрлэхэд 20-30 минут зарцуулдаг. Өнөөдөр долоон хонины гэдэс дотор гаргалаа.”
Мал худалдан авахаар ирсэн иргэн Ж.Отгонболд:
“Хонины үнэ тэнгэрт хаджээ. Гэхдээ яах вэ дээ, малчдын дөрвөн улирлын үр шим шүү дээ. Бусад барааны үнэ ч гэсэн өсчхөөд байна шүү дээ. Барааны үнэ жигд хямдхан байвал малын үнэ ч гэсэн буурах байлгүй дээ. Малчид шороон шуурга, цас, бороог даваад жилдээ нэг, хоёр удаа л малаа худалдаалдаг шүү дээ. Мал авах гэж байгаа иргэдийн цалин муу, юмны үнэ өсөөд байхаар хэцүү юм даа. Хонь 250-700 мянган төгрөгийн үнэ ханштай байна. Дундаж таргантай хонь 500 мянга. Сувай эм хонь 500 мянгад авлаа. Барагцаагаар 20кг мах гарах байлгүй дээ. Эмээлт малын зах дээр хонио гаргуулаад, гэдэс дотрын цэвэрлүүлэхэд 30 мянган төгрөг гэж байна” хэмээн ярилаа.
Наадмын өдрүүд дөхөх тусам малын эрэлт хэрэгцээ улам нэмэгдэх хандлагатай байна.









