
Долоодугаар сарын 16, 17-ны Пүрэв, Баасан гарагийг дараа долоо хоногт нь шилжүүлбэл бүх нийтээрээ 10 хоног амарна
Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадам эхлэх мөч ойртсоор байна
Долоодугаар сарын 10-15-ны хороонд зургаан өдөр бүх нийтээрээ амардаг хуультай. Энэ жилийн Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрүүдийн долоодугаар сарын 11, 12-ны өдөр нь Бямба, Ням гарагт тохиож байна.
Тэгвэл энэ жилийн долоодугаар сарын 16, 17-ны Пүрэв, Баасан гарагийг дараагийн долоо хоногт нь шилжүүлбэл долоодугаар сарын 10-19-ний хороонд бүх нийтээрээ амрах боломжтой юм. Харин өнгөрсөн жил дээрхтэй адил долоодугаар сарын 12, 13-ны өдөр нь Бямба, Ням гарагт тохиож байсан тул Засгийн газрын хуралдаанаар 2025 оны долдугаар сарын 16, 17-ны өдрийн Лхагва, Пүрэв гарагт ажилтан, албан хаагчдыг амраах зохицуулалт хийхээр шийдвэрлэж байв.
Бүх нийтээр амрах баярын өдөр Бямба, Ням гарагт таарвал шилжүүлэн амрах агуулгатай хуулийн төслийг УИХ-ын гишүүд өргөн барьж, иргэдэд хүлээлт үүсгэсэн. Гэхдээ буцаан татсанаар наадмын амралт одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн дагуу долоодугаар сарын 10-15-нд байх уу, эсвэл Засгийн газрын тогтоолоор шийдэх үү гэдэг нь тодорхойгүй болоогүй байна.
Иргэдийн хувьд Цагаан сар, Үндэсний их баяр наадмын үеэр орон нутагт зорчих хөдөлгөөн эрс нэмэгддэг. Энэ ч утгаараа ажил, амралтаа зохицуулах ёстой байдаг тул энэ талаарх шийдвэрээ даруйхан шийдвэрлэх шаардлагатай болж байгаа юм.








