
Сайн байна уу, та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Сайн байцгаана уу, намайг Энхтүвшиний Төгсжаргал гэдэг. Соёл урлагийн их сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Би их сонирхолтой байдлаар мэргэжлээ сонгосон. Арван нэгдүгээр ангидаа олон мэргэжил бичиж байгаад, өөрийнхөө чаддаг, чаддаггүй зүйлсээ жагсаахад хуульч, дизайнер, жүжигчин мэргэжил байсан.
Манай ээж их хөгжилтэй хүн л дээ. Фэнг Шүйгээр ямар мэргэжил тохирохыг гаргадаг судалгаа байдаг юм билээ. Намайг дагуулж яваад үзүүлж байсан. Фэнг Шүйгээр үзэж байгаа хүн нь “Танай удамд урлагийн хүн байдаг уу” гэж асуусан. Байхгүй гэсэн чинь “Аан” гээд их дурамжхан байсан. Удамд минь урлагийн хүн байхгүй бол урлагийн хүн болоод дэмий юм шиг л мэдрэгдсэн. Гараад явж байсан миний инээд хүрээд ээждээ хоёр талын удмынхаа анхны урлагийн хүн болно гэж хэлсэн.
Тэгээд л тэр шийдвэр минь нөлөөлж жүжигчин мэргэжлийг сонгосон.

“Оддын гэгээ” УСК-д “Гэгээ”-гийн дүрд хэрхэн ажилласан бэ, энэ дүр тантай хэр ойр байв?
-Хоёр удаа дүрийн сонгон шалгаруулт өгөөд Гэгээгийн дүрд ажилласан. Дүрийн зан ааш надтай адил төстэй болон өөр зүйлүүд ч байсан. Арван жилийн сурагчийн дүр учраас цаанаасаа гэгээлэг.
Залуу уран бүтээлчидтэй хамтарч ажилласан болохоор илүү амар байлаа. Арван жилээ төгсөөд хөөрхөн удчихсан байна. Форм өмсөөд буцаад сурагч болчихсон юм шиг л догдолсон. Та нар яг хүүхдүүд шиг харагдаж байна гэсэн яриа их сонссон.
-Та өөрийнхөө анхны хайрын тухай хуваалцаач?
-Анхны хайр гэхээр шохоорхол эсвэл хайр уу гэдгийн мэдэхгүй юм. “Оддын гэгээ” УСК-ын “Гэгээ” болон Төгсжаргал гэдэг хүний хувьд үнэнч байдлаараа адилхан юм шиг санагдсан. Нэг хүнд сайн болчихвол хоёр, гурван жил крашлаад, жижигхэн үйлдэл хийгээд явдаг.
-Арван жилдээ ямар хүүхэд байсан бэ?
-Олон зүйл хийдэг хүүхэд байсан. Анх хийж байсан ажил минь шивээсчин. Зураг зурдаг учраас найзуудынхаа гар, хөл, сандал ширээн дээр нь зурж өгдөг.
Ээждээ “Би шивээс хийж үзмээр байна” гэхэд аав, ээж минь дэмжээд шивээсний машин авч өгч байсан. Дараа нь хумс, бариста гээд олон ажил хийж үзсэн.
-Их сургуулиа төгсөөд хэдхэн жил болж байна, оюутан үеэ дурсвал…?
-Манай мэргэжил ганцаараа хичээлээ хийгээд болчихдоггүй. Баг хамт олны мэргэжил учраас нэгнийгээ хүлээх, багаараа 24/7 шахуу сургууль дээрээ байж нэг бүтээл гаргадаг.
Тэр хооронд би үсчин хийнэ. Хичээлийн сул цагтай өдрүүдэд цаг аваад ажлаа хийчихээд ирдэг байсан. Оюутан байхдаа сургалтын төлбөр, хоол, хэрэглээний зардлаа өөрөө зохицуулдаг, завгүй байсан санагддаг.
-Жүжигчин байхын сайхан нь юу вэ?
-Аливаа дүр дээр ажиллаад, дүрийнхээ өмнөөс тэр мэдрэмжийг гаргахдаа жүжигчин гэж мэдрэхээсээ илүү мэргэжлээрээ бахархдаг.
–Тоглохыг хүсдэг дүр бий юу?
-Мэдээж эмэгтэй учраас Жульетта шиг дүр бүтээхийг хүсдэг. Киноны эсрэг дүр юм уу, өөр өөр дүр бүтээхийг зорьдог. Ямар ч дүр байсан зохиолын уншдаг. Би чадах уу гэж өөрөөсөө асуудаг.
Эротик сцентэй байвал тоглодоггүй. Миний үнэт зүйлстэй зөрчилддөг, эротик кинонд утга агуулга гэсэн зүйл ч байхгүй шүү дээ.
Залуу хүн учраас илүү их суралцаад, бусдад төвөг удахгүй, боломж байвал тус дэм болоод өөртөө үнэнч байхыг хүсдэг.
–Баярлалаа.








