
Хичээлийн улирлын сүүлийн хонх дуугарч, хүүхэд бүрийн тэсэн ядан хүлээдэг зуны амралт эхэллээ. Бүтэн жилийн турш номын ширээний ард суусан сурагчдын хувьд зуныг хэрхэн үр бүтээлтэй, сонирхолтой өнгөрүүлэх вэ гэдэг асуулт гарч ирдэг.
Тэгвэл танин мэдэхүйн мэдлэгээ тэлэхийн зэрэгцээ, ээж, аавтайгаа хамтдаа цагийг чанартай өнгөрүүлэхийг уриалж байна.
Яг одоо хөдөө, орон нутгийг хараахан зориогүй бол эцэг, эхчүүд та бүхэн ч амралтын өдрүүддээ багтааж, үр хүүхдэдээ аль болох чанартай цагийг гаргахыг зөвлөе. Тухайлбал, Улаанбаатар хотын аялал хийхээс гадна төвд байрлах хамгийн сонирхолтой музейг хүүхэдтэйгээ зорин очиж, хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрүүлж болохгүй гэж.
Ингээд “Өрөг.mn” сайтын зүгээс нийслэлийн хотын зарим музейн тасалбарын үнэ ханш болон тэдгээрийн үзвэрийн онцлогийн мэдээлэл хүргэе.
Монголын үндэсний музей
Улаанбаатар хотын төв байрладаг тус музей монгол нутагт хүн анх аж төрөх болсон хуучин чулуун зэвсгийн үеэс эдүгээ хүртэлх нүүдэлчдийн түүх, соёл, өв дурсгал, угсаатны зүй уламжлалт зан заншлын товчлон үзүүлсэн үзвэрийн 10 танхим бүхий, сан хөмрөгтөө 50,000 гаруй үзмэртэй, үндэсний хэмжээний музей юм.
Тасалбарын мэдээлэл:
- 0-18 нас хүүхэд үнэ төлбөргүй
- (Том хүн) – 20.000₮
- (Оюутан) – 10.000₮
- (Ахмад настан) – 10.000₮
- (Тусгай хэрэгцээт үзэгч) – 10.000₮
- (Зургийн тасалбар) – 30.000₮
Байгалийн түүхийн музей
Монголын байгалийн түүхийн музей нь байгаль орчин, амьтан, ургамал, чулуужсан олдвор, үлэг гүрвэлийн ховор олдворууд зэрэг олон мянган үзмэрээр Монгол орны байгалийн өвөрмөц онцлогийг тольдох боломж олгодог. Палентологи, геологи, ботаник, зоологи, хүний судлал зэрэг чиглэлээр 10,000 гаруй үзмэртэй бөгөөд тэдгээрийн дотор ховор олдвор, чулуужсан амьтдын яс, зэрэг үнэтэй үзмэрүүд бий.


- (Том хүн) – 20.000₮
- (Оюутан) – 5000₮
- (0-16 насны хүүхэд) – үнэ төлбөргүй
- (Ахмад настан) – үнэ төлбөргүй
- (Тусгай хэрэгцээт үзэгч) – үнэ төлбөргүй
Чингис хаан Үндэсний музей
Хүннү гүрнээс эхлээд Их Монгол улс, эзэнт гүрний түүхийг цаг үеэр нь үзүүлэх өрөөнүүдтэй. Орчин үеийн шийдэл зохион байгуулалт, дэвшилтэт технологи ашигласан нь тун онцлог. Түүхэн ховор олдворууд хаад язгууртны хэрэглэж байсан эдлэл, зэр зэвсэг, бичиг судрыг ойроос харах боломжтой.


- (0-16) насны хүүхэд үнэ төлбөргүй
- (Ахлах ангийн сурагч, оюутан) – 15.000₮
- (Насанд хүрэгч) – 30.000₮
- Фото зураг авах эрх – 50.000₮
Музей бол өнгөрсөн үеийн түүхийг хадгалах төдийгүй хүүхэд багачуудын сониуч зан, танин мэдэхүйн мэдлэгт хөтлөх чухал орон зай юм.
Бэлтгэсэн: Ч.Энхзул








