
Шүлхий голомт гарсан газрынхаа хөрс, эд материал, байшинд 80-100 жил хадгалагддаг
Ховд, Баян-Өлгий, Завхан аймгуудад шүлхий өвчний “Сат-1” хэвшлийн дэгдэлт гарсантай холбогдуулан зарим бүс нутагт хатуу хөл хорио тогтоогоод байна. Энэ долоо хоногоос эхлэн голомтын бүсийн мал сүргийг бүрэн вакцинжуулах ажил эхлэхээр болж буй. Үүсээд байгаа нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар зарим аймгуудын холбогдох албаны мэргэжилтнээс дараах тайлбар мэдээллийг тодрууллаа.
Баян-Өлгий аймагт 49 шалган нэвтрүүлэх хяналтын товчоо ажиллаж байна
Баян-Өлгий аймгийн мал эмнэлгийн хяналтын албаны байцаагч Е.Гаухар: Аймгийн хоёр сумын таван голомтод 996 тоо толгой мал өвчилж, 1467 тоо мал устгасан
“Тавдугаар сарын 22-нд Баян-Өлгий аймагт шүлхий өвчний “Сат”-1 хэвшлийн дэгдэлт илэрсэн. Өнөөдрийн байдлаар Алтай, Дэлүүн сумын таван голомтод шүлхий САТ-1 хэвшлийн дэгдэлтээр 996 тоо толгой мал өвчилж, 1467 тоо мал устгасан. Алтай, Дэлүүн суманд хол хорио тогтсон, аймгаас орж гарах хөдөлгөөнд хяналт тогтоож, хязгаарласан. Шүлхийн “Сат”-1 хэвшлийн дэгдэлт монголд өмнө гарч байгаагүй. Одоогийн байдлаар манай аймагт вакцин ирээгүй. Ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг тогтмол хийж байна. Дэлүүн суманд 15, Алтай суманд 19, Өлгий суманд 3, Булган сумаас Цагаан нуур, Ховд аймгийн Булган сум руу нийт 49 шалган нэвтрүүлэх хяналтын товчоо ажиллаж байна” хэмээн мэдээлэл өглөө.
Шүлхий өвчнөөр өвчилсөн малын хэлийн өнгөр хуйларч , шүлс гоожих, ядарч сулдах, идэш тэжээлдээ мууддаг
Мал эмнэлгийн ерөнхий газрын мэргэжилтэн: Африкт гардаг “Сат”-1 хэвшлийн шүлхий өмнө нь манай улсад гарч байгаагүй. Хүнд халдахгүй, харин өвчтэй малын махыг идсэн тохиолдолд хожим хавдар үүсэх эрсдэлтэй
“Манай улсад дэгдээд байгаа шүлхий өвчин хоёр төрөл. Салаа туурайт амьтанд халдварладаг. Агаар туслын замаар буюу вирусийн гаралтай шүлхийд шинж тэмдэг дарах эмчилгээ хийхээр эдгэрдэг. Гэвч голомт нь шүлхий гарсан газрынхаа хөрс, эд материал, байшинд 80-100 жил хадгалагддаг. Шүлнхий өвчнөөр өвчилсөн малын хэлийн өнгөр хуйларч , шүлс гоожих, ядарч сулдах, идэш тэжээлдээ муу болох шинж тэмдэг илэрдэг. Тэгвэл “Сат”-1 хэвшлийн шүлхийн шинж тэмдэг адил боловч, антибиотик эмчилгээнд мэдрэг болдог. Вирусийн гаралтай биш учраас антибиотик эмчилгээ авдаггүй. Антибиотик эмчилгээ хийсэн тохиолдолд шинж тэмдэг нь хэвээрээ боловч шинжилгээгээр шүлхий илэрдэггүй. “Сат”-1 хэвшлийн шүлхийн өвчлөл Африкт гардаг, өмнө нь манай улсад гарч байгаагүй. Хүнд халдахгүй, өвчтэй малын махыг идсэн тохиолдолд хожим хавдар үүсэх эрсдэлтэй” гэв.
Ховд аймгийн мал эмнэлгийн дарга Э.Батцэнгэл: Ховд аймгийн Булган, Үенч суманд шүлхий өвчний голомттой байна
Ховд аймгийн Булган, Үенч суманд шүлхий өвчний голомттой байгаа. Булган сумын халдвар өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Нийт 1271 мал шүлхий өвчнөөр өвчилж, 995 малыг устгасан. Халдвар гарсан хоёр суманд хол хорио тогтоож, бусад суманд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Аймгийн төв рүү орж гарах хөдөлгөөн хэвийн, малын хөл хөдөлгөөн хорьсон. Ховд аймагт 43 шалган нэвтрүүлэх хяналтын товчоонд 500 орчим хүн ажиллаж байна.
Увс аймгийн мал эмнэлгийн дарга н.Ганхуяг: Увс аймагт зургаан шалган нэвтрүүлэх хяналтын товчоо ажиллаж байгаа
“Манай аймагт шүлхийний дэгдэлт гараагүй. Бид урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол хэрэгжүүлж байгаа. Голомт гарсан аймаг, сумдаас орж, гарах хөдөлгөөнийг хориглож, бусад хөдөлгөөнд хязгаарлалт хийж, очсон газар нь тусгаарлах арга хэмжээг авч байна. Увс аймагт зургаан шалган нэвтрүүлэх хяналтын товчоо ажиллаж байна” гэлээ.








