
Монгол Улсын засгийн газар өнөөдрийн ээлжит хуралдаанаар нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, чухал шийдвэрүүдийг танилцууллаа.
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: “Монгол улсад шатахууны хомсдол үүсээгүй”
Тэрбээр, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: Монгол улсад шатахууны хомсдол үүсээгүй бөгөөд нөөц аюултай түвшинд хүрээгүй. Өнөөдрийн байдлаар манай улс бүх төрлийн шатахууны саваа дүүргэсэн хангалттай нөөцтэй байна. Харин ОХУ-д тэд өөрсдөө шатахууны хомсдолтой байна. Тус улсад дотооддоо хэрэглэж буй АИ92 бензинийг 2 дахин хямд үнээр Монгол Улс авч, хэрэглэж байгаа гэдгийг ОХУ-ын зүгээс онцолсон. Монгол Улсын төсвийн байдал энэ оны 3 болон 4 дүгээр улиралд хүндрэх төлөвтэй байна. Иймд засгийн газраас төсвийн зарлагыг багасгах, орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авахаар төлөвлөж байна” хэмээлээ.
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: “Хариуцлагатай уул уурхайг бий болгох ажлыг эрчимжүүлнэ”
“Байгаль орчны тэнцвэрт байдал алдагдах нь зөвхөн байгаль экологид бус нийгэм эдийн засгийн хөгжилд ч сөрөг үр дагавартай. Тиймээс төр засгийн бодлого нь энэ чиглэлд ач холбогдол өгч, үр дүнтэй ажиллах нь чухал.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир: Улсын хэмжээнд уул уурхайн олборлолт, зам талбайн эвдрэлээс үүдсэн 54 мянган га талбайн газар нутаг эвдэрсэн байна. “Хариуцлагатай уул уурхай”-г бий болгохын тулд олборлолтын дараах нөхөн сэргээлтийн ажлыг бодитоор эрчимжүүлэн ажиллана. Хариуцлагагүй цөөн хэдэн хүнээс шалтгаалан хариуцлагатай ажилладаг уул уурхайн салбар тэр чигтээ маш муу болж харагдаж байгаад харамсаж байна. Иймээс цаашдаа хэдхэн ААН, компани хариуцлагатай ажиллах бус уул уурхайн салбарт харьяалагддаг бүх компани, ААН, хувь хүмүүс олборлолтын дараах нөхөн сэргээлтэд онцгой анхаарах нь чухал. Ингэснээр цөлжилт, байгаль орчны уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бид дорвитой ажлуудыг шат дараатай зохион байгуулах болно” гэв.
Эрчим хүчний сайд Б.Найдалаа: Сэргээгдэх эрчим хүчний 19 компаниас нээлттэй сонгон шалгаруулалт явуулан, 5-ыг нь сонгож авна
“Эрчим хүчний нийт 10 гэрээ бий. Эдгээр гэрээнд хяналт, шалгалт хийж, авах арга хэмжээг танилцуулсан. Эрчим хүчийг худалдах, худалдан авах гэрээг цаашид ийм өндөр дүнтэйгээр хийхгүй. Харин нээлттэй тендер, сонгон шалгаруулалт зарлан явуулахаар болсон. Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 19 компани нээлттэй сонгон шалгаруулалтад нэрсээ ирүүлсэн. Маргааш (2026.06.18) Эрчим хүчний яаман дээр сонгон шалгаруулалтаа явуулан, шаардлага хангасан 5 компанийн нэрс тодорхой болно. Эрчим хүчний салбарыг битгий улс төржүүлээсэй гэж хүсэж байна. Цаашдаа иргэдэд дарамтгүйгээр, бизнес эрхлэгчдэд өртөг нь дүйцэх мөн энэ салбарт ажиллаж буй ажилтнуудад чирэгдэлгүй байхаар цахилгааны тасалдал багатай үр өгөөж нь хүрэх ёстой” гэлээ.
Мөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай мэдээлэл өглөө.
Б.Даваадалай: Төрийн өмчит компаниудын шинэчлэлийн хүрээнд хэмнэж буй 67.3 тэрбумаар 10-аас дээш цэцэрлэг, сургуулийн байшин барьж, бүтээн байгуулалт өрнөх боломжтой”
тодруулбал, “Төрийн өмчит компаниудын шинэчлэлийн хүрээнд 14 компанийг татан буулгаж, 67.3 тэрбумыг хэмнэж байна. Төрийн өмчит компаниудын байр, оффис түрээсийн зардлыг бууруулна. Мөн давхардсан чиг үүрэгтэй орон тоог бууруулах шийдвэрийг Засгийн газрын тогтоолоор баталлаа. Төрийн өмчит компаниудын шинэчлэлийн ажил бодитоор эхэлж байна. Үүнээс хэмнэсэн 67.3 тэрбум төгрөгөөр 10-аас дээш цэцэрлэг, сургуулийн байшин барина” гэсэн юм.
Дэлгэрэнгүй мэдээлэл үзэх линк:








