
Бөхийн таамаг: Отгонтэнгэр хайрхан тахиж буй жил Завхан нутгаас Улсын түрүү бөх тодрох уу
Өнөөдөр буюу 06 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Отгонтэнгэр хайрханы төрийн их тахилга ёслол болно.
Тэгвэл Отгонтэнгэр хайрханыг хэрхэн, яагаад тахидаг болсон талаарх мэдээллийг уншигч та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ.
1995, 1999, 2003, 2007, 2011, 2016, 2021 онуудад Отгонтэнгэр хайрхан уулыг тахих төрийн их тахилгын арга хэмжээ болж байжээ.
Отгонтэнгэр хайрханыг Монголчууд эрт дээр үеэс Очирваань хэмээн хүндэтгэн шүтэж ирсэн энэхүү уул нь хангайн нурууны тахилгатай, ариун дагшин уул юм. Далайн түвшнээс дээш 4008 метр өндөрт өргөгдсөн учраас уулын оргил хэсэг нь мөнх цастай хүйтэн.
Монголчуудын хувьд хүрээлэн буй нутаг ус, байгалийн нөхцөл нь ихээхэн үүрэгтэй байсны дээр байгалийн хүчин зүйл, хүний хувь тавилан хоёрын харилцан шүтэлцээг далдын холбоогоор тайлбарлан, тахиж шүтсээр иржээ.
Түүх сөхвөл 1968 оны Мехикогийн зуны олимпын наадамд оролцсон Монголын багаас, хамгийн анхны медалиа чөлөөт бөхийн төрлөөр хүртэж байсан. Тус чөлөөт бөхийн баг тамирчид олимпын наадамд оролцохоосоо өмнө Завхан аймгийн Отгонтэнгэр хайрханы бэлд, гадаа дэвжээгээ засан бэлтгэл сургуулилтаа хангаж байсан. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ч.Дамдиншарав ярихдаа: “Бид нар ээл ивээлээ хайрласан их авшигтай нутагт бэлтгэл сургуулилтаа хийсэн учраас олимпын наадмаас анхны медалиа хүртсэн. Үүндээ ч их билэгшээж явдаг даа” хэмээн “Өрөг.mn” сайтын “Хөрөг” нэвтрүүлэгт оролцох үеэрээ хуучилсан байдаг.
Энэ ч утгаараа магад ивээлээ хайрласан Завхан аймгаас олон хүчтэнүүд төрөн гарсан байдаг.
Завхан нутгаас төрсөн Улсын цолтой хүчтэнүүдийн нэрсийг танилцуулъя
- Улсын аварга С.Шагж,
- Улсын арслан С.Шагдар,
- Улсын арслан М.Лхагва,
- Улсын арслан Ш.Санжсүрэн,
- Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг,
- Улсын гарьд М.Баяржавхлан,
- Улсын гарьд Б.Гончигдамба,
- Улсын гарьд Ш.Жаргалсайхан,
- Улсын заан Я.Дорлиг,
- Улсын заан В.Дэндэв,
- Улсын заан М.Лхагвагэрэл
- Улсын харцага Л.Лха-Очир,
- Улсын харцага Ш.Пүрэвгарьд,
- Улсын харцага Ш.Уламбаяр,
- Улсын харцага М.Дармаабазар
- Улсын начин Т.Дүгэрдорж,
- Улсын начин Д.Бат-Эрдэнэ нар юм.
Тэгвэл энэ жилийн баяр наадмаар их хайрхан Отгонтэнгэрээ тахьсан уугуул нутгаас Улсын цол чимгээ ахиулах бөхчүүдийн нэрс бөх сонирхогч, хорхойтон, үзэгч түмний дунд хэдийнээ яригдаж эхэлжээ.
Бөхийн таамгаар энэ жил тус нутгаас Улсын баяр наадмын Түрүү бөх тодрох уу?
Эсвэл Улсын цол чимэгээ ахиулах хүчтэнүүд Завхан нутгаас олон байгаа юу? гэсэн асуултыг бөхийн хорхойтон та бүхний дунд үлдээе.
Энэ жил “Завхан Даян” дэвжээнээс Үндэсний их баяр наадмын түрүү, үзүүр бөх тодрох болов уу?
Аймгийн цолтнуудаас аймгийн арслан П.Өсөхбаатар, А.Нармандах, аймгийн начин Б.Сундуйжав нар улсын цол горилж байгаа нь лавтай хэмээн бөхийн үзэгчид таамаг дэвшүүлж буй.
Харин нөгөө талаараа энэ жилийн хувьд бөхийн хорхойтнууд Монгол Улсын заан М.Лхагвагэрэлийг онцолж байна. Түүний хувьд чөлөөт бөхийн спортоор хичээллэдэг, мөн дэлхийн аваргын дэвжээнээс хоёр ч медаль зүүж байв.
Чөлөөт бөхийн ОУХМ М.Лхагвагэрэл энэ жилийн чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг ч өнжсөн. Тэгвэл түүнийг энэ жилийн наадмаар түрүү бөхөөр түүнийг нэрлэж байна. Учир нь бөхийн спортын үнэнч, үзэгчид М.Лхагвагэрэлийг зөвхөн үндэсний бөхийн спортдоо голлон анхаарч, бэлтгэлээ ханган, сүүлийн барилдаануудад тогтмол оролцохын зэрэгцээ өндөр амжилтууд үзүүлж буйтай холбон баяр наадмын бөхийн таамгаа дэвшүүлж байгаа юм.
Бөхчүүд уугуул нутгийнхаа шүтээн уул, хайрханы тахилгын жил хийморь сэргэдэг, авшиг ээлээ хайрладаг хэмээн бэлгэшээдэг тул Улсын баяр наадмын зүлэг ногоон дэвжээнээ сэтгэлзүйн бэлтгэл сайтай, барилдааны арга барил өндөртэй зодоглодог билээ.
Бэлтгэсэн Б.Уранзаяа








