
Өсвөр насандаа ээжийгээ алдсан нь бүрэг ичимхий, хаалттай хүн болоход нөлөөлсөн. Хэрвээ ээжтэйгээ байсан бол би нээлттэй хүн болох байсан гэж өөртөө хэлж явсан Б.Одгэрэл “ээж минь надаас яваагүй. Харин би өөрөө ээжийнхээ үргэлжлэл юм байна гэдгийг ойлгосон тэр цагаас сэтгэл гутралаас гарч, өнөөгийн Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Одгэрэлийг бүтээжээ.
Тайзан дээрээ амьдарч, түүнийг анд нөхрөө болгон нандигнаж, алдар нэрээс илүүтэй мэргэжилдээ эзэн болж, түүгээрээ шатах хүсэлдээ автсан тэрбээр өдгөө ч алтан тайзандаа үнэнч явна.
Бидний мэдэх Б.Одгэрэл, тайзан дээрх бас кинон дээрх хүчирхэг, хатуу ширүүн эмэгтэйгээс хэр өөр хүн бэ?
- Амьдрал дээрээ жоохон хүүхэд шиг, зөөлөн, тайз, дэлгэцийн дүрээсээ маш эсрэг тэсрэг хүн. Өөрийн жинхэнэ хүндээ маш их дуртай.
Таны Кино урлагийн дээд сургуульд суралцаж байх үеийн оюутны амьдралаас сурсан хамгийн чухал зүйл юу байв?
- Арван жилийн сургууль багш зааж зааварлаж сурдаг. Харин их сургуульд багш маш сайн байлаа ч оюутан өөрөө хичээхгүй бол сурахгүй, хайж эрэлхийлж сурдгаараа онцлог санагддаг. Миний өөрийн суурь хүүхэд аливаа зүйлээс хоцролгүй, дуртай, дургүй гэж хичээл ялгахгүйгээр, өвдөж байсан ч хичээлийг хийх ёстой гэж аав, ээж маань сургасан.
Энэ зан маань их сургуульд намайг аварсан, оюутан насанд бүгд эцэг эхийн хараа хяналтаас гардаг үе болохоор ангиараа гадуур гарах үед үүрийн 4 цагт тарсан ч би даалгавраа ганцаараа хийгээд очдог хүүхэд байсан. Өөрийн дадал зуршил, хүмүүжлээрээ маш их зүйлийг сурсан. Сугарын Болормаа багш маань онол, практик хоёрыг заавал хослуулах хэрэгтэй гэж үздэг.
Бэлтгэлийн хувцас дээр маань онолыг Орос, Монголоор бичүүлдэг бүх хувцас дээр байгаа зүйлийг харсаар байгаад цээжилдэг байсан. Энэ нь Драмын театрт анх ажилд орж байхад маш хэрэг болсон.

Бие даалтуудыг намар шахаад бүгдийг нь дуусгачихдаг, дараа нь баярлаад чөлөөтэй байдаг. Энэ зүйлээс зовлонгийн түргэн нь дээр гэх зүйлийг сурсан. Айл болгонд компьютер байхгүй учраас ПС-нд оочерлож бие даалтаа хийдэг, сайн шивдэг хүүхдүүдээр гуйж шивүүлэх жишээний тийм цаг үе байсан.
Үгээрээ биш дотоож мэдрэмжийг хэрхэн илэрхийлэх тухай заадаг, би чамд хайртай гэдгийг хэлэхгүй ч харцаараа илэрхийлэхийг, мэдрүүлэхийг багш маань зорьдог. Гадаа зааланд хөлөртлөө гүйж сургалт хийдэг. Энэ аргаар суралцаж ажил дээр хэрэгжүүлэхэд хэн ч хурдан гаргахааргүй мэдрэмжийг маш хурдан гаргадаг. Ямар ч сургууль энэ аргаар явдаггүй. Харин манайх бүхэл бүтэн жүжгийг яг энэ аргаар дадлага хийж сурдаг байсан.
Сэтгэл зүйн уналт, босолтыг оюутан байх үедээ мэдэрсэн. Багш тэнгэрт тултал магтаад дараа нь газарт ортол муулдаг. Яаж хатуу ширүүн байх, уналт босолт гэж юу болох талаар мэдрүүлчихсэн учир одоо ажил дээр хэт хөөрөх, олон нийтийн сөрөг хандлагад сэтгэлээр унах зүйл байдаггүй.
Анхны тайз, дэлгэцийн дүр тань ямар дүр байв?
- Хамгийн анх 3 дугаар курстээ “Цагдаагийн тангараг” гэх хүний наймааны тухай кинонд тоглоод дараа нь “Хунгийн сүүлчийн дуу” кинонд гол дүр бүтээсэн. Тайзны хувьд сургуулиа төгсөөд реалити шоу тэмцээнд амжилттай оролцсон. Тухайн үед драмын театраас урилга ирж гадаад орчны тайзан дээр тоглож байсан.
Яг мэргэжлийн тайзанд Д.Сосорбарам гуайн “Од” театрын “Төгс” гэх жүжигт тоглосон. Үүнээс 2 жилийн дараа театрт ороод “Уучлаарай та дугаар андуурч” гэсэн сэтгэлзүйн жүжгийн гол дүрийг бүтээсэн.


Та яагаад тайзны урлагийг сонгох болов, тайз ямар мэдрэмжийг илүү өгдөг вэ?
- Тайзны урлагийг яагаад сонгосон гэвэл, багш маань олон кинонд тоглоод од болох нь чухал биш эхлээд өөрийн суурийг сайн болгохын тулд тайзны урлагт хэдэн жил ажиллах даалгавар өгсөн. “Гэм Зэм” жүжигт ажиллаж байх үедээ дахин төрөлтийн тухай хүмүүс өөр өөрсдийн талаар ярилцаж байхад оюутан үедээ хүслийн дэвтэр бичсэнээ санаад тухайн дэвтэр дээр “Улаанбаатар хотод байгаа бүх театрт ажиллана” гэж бичсэн нь арван хэдэн жилийн дараа биелээд явж байсан.
Би хувьдаа театрт ажиллавал илүү чадвартай, амжилттай явах байх гэсэн бодлоор ажилладаг. Өгөгдөл маань тайзны уран чадварыг илүү амархан сурдаг. Найруулагч нарын хувьд зөвхөн киноны, тайзны, инээдмийн, эмгэнэлтэй жүжгийн төрлийн хүн гэж янз янзаар намайг боддог.
Зөвхөн тайзны уран бүтээлд тоглох нь олон нийтэд танилгдаж, од болохгүй. Харин эротик кинонд тогловол од болох нь хурдан байдаг гэдэг. Миний хувьд архичин, эсвэл хамар нь уначихсан хүн гэх зэрэг содон сонин дүрүүдэд их тоглодог. Хөөрхөн сайхнаараа биш чадвараараа танигдахыг илүүд үздэг.
Тайз бол миний найз. Тэр хүнд үед урвахгүй, түшигтэй тийм л болохоор тайзандаа би илүү хайртай, надад итгэл үнэмшил өгдөг энэ мэргэжилдээ ч хайртай.
Хэрвээ эротик киноны санал танд ирвэл та хүлээж авах уу?
- Оюутан наснаас маань эхлээд надад эротик кинонд тоглох санал ирж л байсан. Гэхдээ би зөвшөөрч байгаагүй. Яагаад гэвэл, би багаасаа л маш бүрэг ичимхий хүүхэд байсан, бас залуудаа ханьтайгаа танилцаж, гэр бүл болсон учраас энэ төрлийн саналыг хүлээж авдаггүй байсан юм.
Ээж маань намайг өсвөр ансны охин байх үед өөд болсон. Ээжээсээ хойш их хаалттай, ичимхий болчихсон. Хэрвээ ээжтэйгээ ярилцаад, хамт байсан бол өөрийнхөө чөлөөтэй байх байсан гэж боддог. Киноны үнсэлцдэг хэсэгт ороход ч хэцүүхэн байдаг. Тийм учраас зөвшөөрдөггүй.
“Эцэггүй хүүхдийн толгой том эхгүй хүүхдийн бөгс том” гэх үг эсрэгээрээ санагддаг. Сарын тэмдэг ирэх үед ариун цэврийн хэрэглэл аваад өг ч гэж хэлж чадахгүй олон жил амьдарсан, бэлхүүсээ ч ил гаргаж, усны хувцас ч өмсөж, тайлахаасаа санаа зовдог.
Таны бүтээсэн дүрүүдээс тайзнаас буусан ч тухайн дүрээсээ гарахад хэцүү байсан дүр бий юу?
- Залуухан үед хүнд, хайр дурлалтай дүрд тоглох үедээ өдөржингөө гуниглаж, догдолдог байсан. Туршлага суугаад олон жил ажиллахаар аль болох тухайн дүрдээ хурдан орж, гардаг болсон. Өөрийнхөөрөө байх цаг үеийг илүүд чухалчилдаг.
Жүжигчин хүний амьдрал ихэнх хугацаанд бусдын амьдарлын дүрд тоглож өнгөрдөг учраас өрийнхөөрөө байх цаг үеийг илүүд чухалчилдаг. Хүмүүс жүжигчин хүнийг амьдрал дээрээ жүжиглэж байдаг гэж ярьдаг ч яг үнэндээ хэзээ ч тийм зүйл байдаггүй.
Уран бүтээлч хүн урлагт илүү шунаж, дурладаг гэдэг тэгвэл таны хувьд цаашид ямар дүр бүтээхийг хүсэж байна?
- Нас яваад ирэхийн хэрээр тийм зүйл хүсэхээ болиод бодитой зүйл боддог юм байна лээ. Ямар ч дүр байсан хамгийн сайнаараа хичээж жүжэглэхийг зорьдог. Одоо тайван, их юм хийгээд дүрд тоглохыг хүсэж байгаа. Миний ихэнх дүр согтуу, галзуу, хэцүү зан гаргадаг.
“Х ТҮЦ”-ийн “Хайрыг битгий гомдоо” кинонд эсрэг дүрийн ээжийн дүр бүтээсэн энэ хамгийн хэцүү байсан, амархан гээд гүүрэн дээр зогсох гэсэн хэсэг дээр түр хугацаанд жаргалтай зогсож байтал юу хийгээд байгаа юм бэ? чи амиа хорлох гээд зогсож байгаа шүү дээ гээд хэцүү болгосон доо.
Боловсрол телевизийн ахан дүүс кинонд жаргаж ажлаа хийсэн одоо тийм л дүр дээр дахиж тоглохыг хүсдэг.


Урлагийн хүн тэр дундаа тайзны хүний дотоод ертөнц маш сонирхолтой санагддаг. Таны дотоод хүн, ертөнцөө тодорхойлбол
- Манай мэргэжлийн гол онцлог нь сайн, муу олон дүр дээр зэрэг бэлтгэл хийхэд тархины бүх булчинг хөгжүүлдэг. Миний бодлоор эхээс төрсөн бие маань л өөрчлөгдөхгүй. Сэтгэл зүйн хувьд хааяа арай дэндүү хөгжилтэй гунигтай, ерөөсөө таагдашгүй олон төрлийн зан ааштай байж чаддаг.
Харин дотоод хүн маань яг л хүүхэд шиг дэггүй, сахилгагүй, хөөрхөн хүн байгаа. Нөхөр маань багаасаа хамт байсан болохоор одоо ч жоохон хүүхэд гэж бодож хайрладаг харин чиний энэ занг хүмүүс буруугаар ашиглан гэж хэлдэг хэлэхдээ хүүхэд шиг гэнэн, итгэмтгий зангаа засахгүй их хэлдэг байсан.
Миний бодлоор энэ зангаа өөрчилбөл би жүжиглэж чадахаа болин гэдгээ мэддэг, миний бодлоор энэ зангаараа алдаж онох нь илүү амжилтад хүрээд байгаа юм шиг санагддаг.
Би хязгааргүй итгэгч Жишээ нь: Гадуур зарж байгаа үнэртэй усыг энэ яг орги ус гэхэд шууд итгээд худалдаад авчихдаг, энэ миний сул тал. Энэ зангаа нуухыг их хичээдэг учир нь хүмүүс миний эсрэг ашиглах боломжтой байдаг.
Хэрэв та зөвшөөрвөл нөхрийнхөө тухай яриач анх яаж танилцаж байв. Та хоёрын хайр яаж бүтсэн тухай?
- Нэгдүгээр ангиасаа хамт сурсан. Эмэгтэй хүнийг хүндэлж мэдэхгүй охидуудыг зоддог, нэгнийхээ нүүрийг чулуутай цасаар угаадаг ийм эсрэг тэсрэг хүмүүс байлаа. Дунд ангидаа нийлдэг хэсэг бүлэг найзуудтайгаа явж байгаад харанхуйд, даараад гараас нь хөтөлчихсөн, амьдралдаа эмэгтэй хүний гараас хөтлөөгүй болохоор надад шууд сайн болсон тухайгаа хэлсэн.
Багш нар бид хоёрыг суун гэж ярихад үнэхээр уур хүрдэг байсан. Дунд ангид үерхэж эхлэхэд дээд, доод ангийнхан бүгд гайхсан. Нөхөр маань намайг жүжигчний мэргэжил сонгоход миний тоглох киног найруулан гээд найруулагчийн ангид элссэн.
Олон жил хамт байсан учраас хоорондоо настай хүмүүс шиг намбатай, тайван хүмүүс болсон. Одоо ингээд 2 хүүхдийн аав, ээж болоод хамтдаа амьдарч байна. Нөхрийнхөө
Та нөхрийнхөө найруулсан дүрд тоглож байсан уу? Нэг ажилт хамтарч ажиллах ямар байдаг вэ?
- “Өвөөгийн хайр” олон ангит кинонд манай нөхөр туслах найруулагчаар хамт ажилласан. Ганц хүний жүжиг тоглохоор болоод “Галт шувуу” гэх мона жүжигт найруулагчаар ажилласан. Бэлтгэлийн үед халамжлуулж их дураараа ажилласан.
Тухайн жүжгээрээ “Гэгээн Моза” шагналыг хоёр удаа авсан. Ойрх дорнодын шалгарсан жаран орны 150 бүтээлээс “Шилдэг гүйцэтгэлтэй жүжигчин” шагналыг хүртэж манай жүжгээр нээлтийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Анх удаагаа тайзны уран бүтээлд нөхөртэйгөө хамтарч ажиллаад том шагнал хүртэж маш их баярласан.


Таны хамгийн их дурсаж явдаг хүн тэр хүн танд юу зааж үлдээв?
- Өсвөр насандаа ээжийгээ алдсан учраас дандаа дурсаж, зүүдэлж санаж явдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам царай, үнэр нь мартахгүй харин ч тодроод яг л өчигдөр юм шиг байдаг. Ухаан суугаагүй үед яваад өгсөн болохоор зааж сургаж, хүмүүжүүлэх зүйлд ач холбогдол өгөөгүй.
Ген гэдэг зүйл үнэхээр чухал зүйл байна . Ээжийн талын хүмүүс намайг ээжтэйгээ их адилхан, асуудал шийдэхдээ, үйл хөдлөл нь хүртэл адилхан юм гэцгээдэг. Үүнээс ээж маань яваагүй би өөрөө ээжийнхээ үргэлжлэл юм байна гэдгийг эрт ойлгоод сэтгэл гутралаас хурдан гарсан.
Өөрийгөө аятайхан авч явж байгаа нь ээжийн маань гентэй холбоотой, хүүхдийг өсгөхөд олон үг хэрэггүй, өөрөө зөв хүн байх нь л чухал гэдгийг ойлгосон.
Т.Шижир








