
Өсвөр насандаа ээжийгээ алдсан нь бүрэг ичимхий, хаалттай хүн болоход нөлөөлсөн. Хэрвээ ээжтэйгээ байсан бол би нээлттэй хүн болох байсан гэж өөртөө хэлж явсан Б.Одгэрэл “ээж минь надаас яваагүй. Харин би өөрөө ээжийнхээ үргэлжлэл юм байна гэдгийг ойлгосон тэр цагаас сэтгэл гутралаас гарч, өнөөгийн Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Одгэрэлийг бүтээжээ.
Тайзан дээрээ амьдарч, түүнийг анд нөхрөө болгон нандигнаж, алдар нэрээс илүүтэй мэргэжилдээ эзэн болж, түүгээрээ шатах хүсэлдээ автсан тэрбээр өдгөө ч алтан тайзандаа үнэнч явна.
Бидний мэдэх Б.Одгэрэл, тайзан дээрх бас кинон дээрх хүчирхэг, хатуу ширүүн эмэгтэйгээс хэр өөр хүн бэ?
- Амьдрал дээрээ жоохон хүүхэд шиг, зөөлөн, тайз, дэлгэцийн дүрээсээ маш эсрэг тэсрэг хүн. Өөрийн жинхэнэ хүндээ маш их дуртай.
Таны Кино урлагийн дээд сургуульд суралцаж байх үеийн оюутны амьдралаас сурсан хамгийн чухал зүйл юу байв?
- Арван жилийн сургууль багш зааж зааварлаж сурдаг. Харин их сургуульд багш маш сайн байлаа ч оюутан өөрөө хичээхгүй бол сурахгүй, хайж эрэлхийлж сурдгаараа онцлог санагддаг. Миний өөрийн суурь хүүхэд аливаа зүйлээс хоцролгүй, дуртай, дургүй гэж хичээл ялгахгүйгээр, өвдөж байсан ч хичээлийг хийх ёстой гэж аав, ээж маань сургасан.
Энэ зан маань их сургуульд намайг аварсан, оюутан насанд бүгд эцэг эхийн хараа хяналтаас гардаг үе болохоор ангиараа гадуур үүрийн 4 хүртэл гарсан ч би даалгавраа ганцаараа хийгээд очдог хүүхэд байсан. Өөрийн дадал зуршил, хүмүүжлээрээ маш их зүйлийг сурсан. Сугарын Болормаа багш маань онол, практик хоёрыг заавал хослуулах хэрэгтэй гэж үздэг.
Бэлтгэлийн хувцас дээр маань онолыг Орос, Монголоор бичүүлдэг бүх хувцас дээр байгаа зүйлийг харсаар байгаад цээжилдэг байсан. Энэ нь Драмын театрт анх ажилд орж байхад маш хэрэг болсон.

Бие даалтуудыг намар шахаад бүгдийг нь дуусгачихдаг, дараа нь баярлаад чөлөөтэй байдаг. Энэ зүйлээс зовлонгийн түргэн нь дээр гэх зүйлийг сурсан. Айл болгонд компьютер байхгүй учраас ПС-нд очерлож бие даалтаа хийдэг, сайн шивдэг хүүхдүүдээр гуйж шивүүлэх жишээний тийм цаг үе байсан.
Үгээрээ биш дотоод мэдрэмжийг хэрхэн илэрхийлэх тухай заадаг, би чамд хайртай гэдгийг хэлэхгүй ч харцаараа илэрхийлэхийг, мэдрүүлэхийг багш маань зорьдог. Гадаа зааланд хөлөртлөө гүйж сургалт хийдэг. Энэ аргаар суралцаж ажил дээр хэрэгжүүлэхэд хэн ч хурдан гаргахааргүй мэдрэмжийг маш хурдан гаргадаг. Ямар ч сургууль энэ аргаар явдаггүй. Харин манайх бүхэл бүтэн жүжгийг яг энэ аргаар дадлага хийж сурдаг байсан.
Сэтгэл зүйн уналт, босолтыг оюутан байх үедээ мэдэрсэн. Багш маань хайр, зэмлэлийг тэнцүүлж. Яаж хатуу ширүүн байх, уналт босолт гэж юу болох талаар мэдрүүлчихсэн учир одоо ажил дээр хэт хөөрөх, олон нийтийн сөрөг хандлагад сэтгэлээр унах зүйл байдаггүй.
Анхны тайз, дэлгэцийн дүр тань ямар дүр байв?
- Хамгийн анх 3 дугаар курстээ “Цагдаагийн тангараг” гэх хүний наймааны тухай кинонд тоглоод дараа нь “Хунгийн сүүлчийн дуу” кинонд гол дүр бүтээсэн. Тайзны хувьд сургуулиа төгсөөд реалити шоу тэмцээнд амжилттай оролцсон. Тухайн үед драмын театраас урилга ирж гадаад орчны тайзан дээр тоглож байсан.
Яг мэргэжлийн тайзанд Д.Сосорбарам гуайн “Од” театрын “Төгс” гэх жүжигт тоглосон. Үүнээс 2 жилийн дараа театрт ороод “Уучлаарай та дугаар андуурч” гэсэн сэтгэлзүйн жүжгийн гол дүрийг бүтээсэн.


Та яагаад тайзны урлагийг сонгох болов, тайз ямар мэдрэмжийг илүү өгдөг вэ?
- Тайзны урлагийг яагаад сонгосон гэвэл, багш маань олон кинонд тоглоод од болох нь чухал биш эхлээд өөрийн суурийг сайн болгохын тулд тайзны урлагт ажиллаасай гэж хүсдэг байсан. Оюутан насандаа хүслийн дэвтэр бичсэнээ санаад тухайн дэвтэр дээр “Улаанбаатар хотод байгаа бүх театрт ажиллана” гэж бичсэн нь арван хэдэн жилийн дараа биелээд явж байсан.
Би хувьдаа театрт ажиллавал илүү чадвартай, амжилттай явах байх гэсэн бодлоор ажилладаг. Өгөгдөл маань тайзны уран чадварыг илүү амархан сурдаг. Найруулагч нарын хувьд зөвхөн киноны, тайзны, инээдмийн, эмгэнэлтэй жүжгийн төрлийн хүн гэж янз янзаар намайг боддог.
Зөвхөн тайзны уран бүтээлд тоглох нь олон нийтэд танигдаж, од болохгүй. Харин эротик кинонд тогловол од болох нь хурдан байдаг гэдэг. Миний хувьд архичин, эсвэл хамар нь уначихсан хүн гэх зэрэг содон сонин дүрүүдэд их тоглодог. Хөөрхөн сайхнаараа биш чадвараараа танигдахыг илүүд үздэг.
Тайз бол миний найз. Тэр хүнд үед урвахгүй, түшигтэй тийм л болохоор тайзандаа би илүү хайртай, надад итгэл үнэмшил өгдөг энэ мэргэжилдээ ч хайртай.
Хэрвээ эротик киноны санал танд ирвэл та хүлээж авах уу?
- Оюутан наснаас маань эхлээд надад эротик кинонд тоглох санал ирж л байсан. Гэхдээ би зөвшөөрч байгаагүй. Яагаад гэвэл, би багаасаа л маш бүрэг ичимхий хүүхэд байсан, бас залуудаа ханьтайгаа танилцаж, гэр бүл болсон учраас энэ төрлийн саналыг хүлээж авдаггүй байсан юм.
Ээж маань намайг өсвөр насны охин байх үед өөд болсон. Ээжээсээ хойш их хаалттай, ичимхий болчихсон. Хэрвээ ээжтэйгээ ярилцаад, хамт байсан бол өөрийнхөө чөлөөтэй байх байсан гэж боддог. Киноны үнсэлцдэг хэсэгт ороход ч хэцүүхэн байдаг. Тийм учраас зөвшөөрдөггүй.
“Эцэггүй хүүхдийн толгой том эхгүй хүүхдийн бөгс том” гэх үг эсрэгээрээ санагддаг.
Таны бүтээсэн дүрүүдээс тайзнаас буусан ч тухайн дүрээсээ гарахад хэцүү байсан дүр бий юу?
- Туршлага дутмаг үедээ хүнд, хайр дурлалтай дүрд тоглох үедээ өдөржингөө гуниглаж, догдолдог байсан. Туршлага суугаад олон жил ажиллахаар аль болох тухайн дүрдээ хурдан орж, гардаг болсон. Өөрийнхөөрөө байх цаг үеийг илүүд чухалчилдаг.
Жүжигчин хүний амьдрал ихэнх хугацаанд бусдын амьдралын дүрд тоглож өнгөрдөг учраас өөрийнхөөрөө байх цаг үеийг илүүд чухалчилдаг. Хүмүүс жүжигчин хүнийг амьдрал дээрээ жүжиглэж байдаг гэж ярьдаг ч яг үнэндээ хэзээ ч тийм зүйл байдаггүй.
Уран бүтээлч хүн урлагт илүү шунаж, дурладаг гэдэг. Тэгвэл таны хувьд цаашид ямар дүр бүтээхийг хүсэж байна?
- Тийм зүйл хүсэхээ болиод бодитой зүйл боддог. Ямар ч дүр байсан хамгийн сайнаараа хичээж жүжиглэхийг зорьдог. Одоо тайван, их юм хийгээд байдаггүй тийм л дүрд тоглохыг хүсэж байгаа.
“Х ТҮЦ”-ийн “Хайрыг битгий гомдоо” кинонд эсрэг дүрийн ээжийн дүр бүтээсэн хэсэг бүр нь нэлээн хүнд, миний хамгийн хайртай дүрүүдийн нэг.
Боловсрол телевизийн “Ахан дүүс” киноны дүр миний хувь хүнтэй төстэй учир ажиллахад тухтай, жаргаж ажлаа хийсэн одоо тийм л дүр дээр дахиж тоглохыг хүсдэг.


Урлагийн хүн тэр дундаа тайзны хүний дотоод ертөнц маш сонирхолтой санагддаг. Таны дотоод хүн, ертөнцөө тодорхойлбол
- Манай мэргэжлийн гол онцлог нь сайн, муу олон дүр дээр зэрэг бэлтгэл хийхэд тархины бүх булчинг хөгжүүлдэг. Миний бодлоор эхээс төрсөн бие маань л өөрчлөгдөхгүй. Сэтгэл зүйн хувьд хааяа арай дэндүү хөгжилтэй гунигтай, ерөөсөө таагдашгүй олон төрлийн зан ааштай байж чаддаг.
Харин дотоод хүн маань яг л хүүхэд шиг дэггүй, сахилгагүй, хөөрхөн хүн байгаа. Нөхөр маань багаасаа хамт байсан болохоор одоо ч жоохон хүүхэд гэж бодож хайрладаг харин чиний энэ занг хүмүүс буруугаар ашиглан гэж хэлдэг хэлэхдээ хүүхэд шиг гэнэн, итгэмтгий зангаа засахгүй их хэлдэг байсан.
Би хязгааргүй итгэгч. Жишээ нь: Би сайхан сэтгэлтэй хүнд бүх зүйлээрээ татагддаг. Олон хүн сэтгэлийг минь ашиглаж, гүүрээ болгож дараа нь өөр хүн болох агшинг харж байсан ч яагаад ч юм тусламж шаардлагатай хүн ахин гарч ирэхэд ахиад л туслахад бэлэн байдаг заримдаа сул тал ч юм шиг.
Хэрэв та зөвшөөрвөл нөхрийнхөө тухай яриач анх яаж танилцаж байв. Та хоёрын хайр яаж бүтсэн тухай?
- Нэгдүгээр ангиасаа хамт сурсан. Нөхөртэйгөө хайр сэтгэлийн харилцаанаас илүү хамтдаа цагийг толож өнгөрөөдөг. Хэзээ ч гэр бүл болох төсөөлөл байгаагүй. Гэтэл ирээдүйд бие биенээсээ холдож чадахааргүй хайр сэтгэл үүссэн байсныг ойлгосон. Дунд ангидаа нийлдэг хэсэг бүлэг найзуудтайгаа явж байгаад харанхуйд, даараад гараас нь хөтөлчихсөн, амьдралдаа эмэгтэй хүний гараас хөтлөөгүй болохоор тэр үед надад илүү татагдсан байх.
Багш нар бид хоёрыг суун гэж ярихад гайхдаг байсан. Дунд ангид үерхэж эхлэхэд дээд, доод ангийнхан бүгд гайхсан. Нөхөр маань намайг жүжигчний мэргэжил сонгоход миний тоглох киног найруулан гээд найруулагчийн ангид элссэн.
Олон жил хамт байсан учраас хоорондоо тайван, дөлгөөхөн бие биеэндээ халамжтай. Цаг мөч өнгөрөх бүрт улам их нэгэндээ татагддаг. Одоо ингээд 2 хүүхдийн аав, ээж болоод хамтдаа амьдарч байна.
Та нөхрийнхөө найруулсан дүрд тоглож байсан уу? Нэг ажилт хамтарч ажиллах ямар байдаг вэ?
- “Өвөөгийн хайр” олон ангит кинонд манай нөхөр гол дундаас нь туслах найруулагчаар хамт ажилласан. Ганц хүний жүжигт тоглохоор болоод “Галт шувуу” гэх мона жүжигт нөхөр маань найруулагчаар ажилласан. Бэлтгэлийн үед халамжлуулж их дураараа ажилласан.
Галт шувуу,хүн гөрөөс гэдэг хоёр өөр жүжгээс гэгээн муза авсан. Анх удаагаа тайзны уран бүтээлд нөхөртэйгөө хамтарч ажиллаад том шагнал хүртэж маш их баярласан.


Таны хамгийн их дурсаж явдаг хүн тэр хүн танд юу зааж үлдээв?
- Өсвөр насандаа ээжийгээ алдсан учраас дандаа дурсаж, зүүдэлж санаж явдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам царай, үнэр нь мартахгүй харин ч тодроод яг л өчигдөр юм шиг байдаг. Ухаан суугаагүй үед яваад өгсөн болохоор зааж сургаж, хүмүүжүүлэх зүйлд ач холбогдол өгөөгүй.
Ген гэдэг зүйл үнэхээр чухал зүйл байна . Ээжийн талын хүмүүс намайг ээжтэйгээ их адилхан, асуудал шийдэхдээ, үйл хөдлөл нь хүртэл адилхан юм гэцгээдэг. Үүнээс ээж маань яваагүй би өөрөө ээжийнхээ үргэлжлэл юм байна гэдгийг эрт ойлгоод сэтгэл гутралаас хурдан гарсан.
Өдий зэрэгтэй явж байгаа минь аав болон ээжийн маань гентэй холбоотой, хүүхдийг өсгөхөд олон үг хэрэггүй, өөрөө зөв хүн байх нь л чухал гэдгийг ойлгосон.
Ажил мэргэжил, хариуцлагын хувьд та өөрийгөө ямар хүн гэж тодорхойлох вэ?
- Миний хувьд аливаа зүйлийг чин сэтгэлээсээ хийхийг хүсдэг. Өөрөө ингэж зорьж зүтгэдэг учраас бусдыг ч мөн адил ажил, асуудал бүх зүйлдээ чин сэтгэлээсээ ханддаг байгаасай гэж хүсдэг. Хамтран ажиллахдаа ч ийм л шаардлага, шалгуурыг тавьдаг. Харин өнгөц, хөндий, чин сэтгэлээрээ хандахгүй байгаа хүнтэй хамтран ажиллах дургүй, тийм ч хүмүүсийг дэмжиж чаддаггүй.
Ер нь аливаа зүйл дээр 2 хүн зорилго, чин сэтгэл давхцаж байж л ажил урагшилж, амжилттай болдог гэж би боддог.
Т.Шижир









