
Монголын паралимпын шатарчид Дэлхиийн олимпиадад оюун ухаанаа сорино
Монголчууд оюуны чадамж өндөртэй ард түмэн гэдгээ дэлхийд мөн олон улсад таниулсаар яваа. Энэ ч утгаараа Монгол Улсын оюуны спортын тамирчид томоохон тэмцээн уралдаанд амжилттай өрсөлдөж, шилдэг өрсөлдөгч нараа гайхшруулдаг.
Шатрын спортоор олон шилдэг тамирчид төрөн гарч, тив дэлхиийд нэрээ дуурсгаж байгаа. Тэгвэл пара шатарчдын нийгэмд гараад итгэлтэй болох, өөрийгөө нээж, сонирхон хичээллэдэг спортын төрлөөрөө амжилт гаргах боломжийг олгодог холбоо бол Монголын паралимпын шатрын холбоо юм.
Тус холбооны үйл ажиллагаа эрчимтэй сэргэж эхэлснээр саяхан анхны улсын аварга шалгаруулах тэмцээнээ амжилттай зохион байгуулсан. Ингэснээр Монгол Улсаа тив дэлхий, олон улсын тавцанд оюуны спортоор таниулах пара шатарчид амжилттай мэдээгээ гардан авчээ. Тодруулбал тэд ирэх 09 дүгээр сарын 10-17-ны өдрүүдэд Узбекистаны Самарканд хотод болох дэлхийн пара шатарчдын өрсөлддөг олимпиадад оролцохоор болжээ.

Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл тодруулахаар Монголын Паралимпын шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатартай бид цөөн хором ярилцлаа.
Э.Гурванбаатар: Монголын пара шатарчид дэлхийн олимпиадад өрсөлдөх эрхээ авсан


-Сайн байна уу? Юуны өмнө пара шатарчид дэлхийн олимпиадад өрсөлдөх эрхээ албан ёсоор гардан авсанд нь баяр хүргэе. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Бид гэв гэнэт энэ тэмцээнд оролцохоор болчихсон асуудал биш. 2026 оны 1-р сараас эхлээд Олон улсын шатрын холбоо буюу Дэлхийн шатрын холбооны хажууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хариуцсан салбар зөвлөл байдаг. Энэ зөвлөлтэй олон удаа холбогдсон. Зөвлөлийн дарга нь Сингапур улсад амьдардаг Лютер гэж хүн байдаг. Энэ эрхэмтэй онлайн уулзалтуудыг Удирдах зөвлөлөөрөө хийсэн. Энэхүү ажлыг гардан гүйцэтгэхэд нь Олон улсын шүүгч, Удирдах зөвлөлийн гишүүн Тулга маш их үүрэг гүйцэтгэсэн.
Бид саяхан анхдугаар улсын аварга шалгаруулах тэмцээнээ амжилттай зохион байгуулсан. Тийм учраас олон улсын жишгийн дагуу удирдамжаа боловсруулмаар байна заавар зөвлөгөө өгөхийг хүсэж буйгаа илэрхийлэн тус албаныхантай холбогдсоор Ерөнхий комиссоос бидний үйл ажиллагааг нэлээн дэмжээд удирдамжийн загвар өгсөн. Үүний дараа Австралийн холбоотой харилцаа тогтоож, уулзалтууд хийгээд үр дүнд нь Дэлхийн пара шатрын олимпиадад оролцох тамирчдын улс орнуудын нэрс тодорхой болчихсон байгаа. Зөвхөн 4 квот үлдсэн байсны 2-ыг нь Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгчийн мэдлээр 2 улсыг нь оруулах комисс нь өөрөө мэдэж оруулдаг. Ингээд Монгол улсыг орууллаа. Шаардлага хангасан гол шалтгаан нь танай холбооны үйл ажиллагаа эрчимтэй явагдаж мөн хамтран ажиллаж байгаа учраас энэ удаагийн олимпиадад оролцуулахаар боллоо хэмээн албан ёсны эмайл ирсэн.


Энэ мэдээг бид васан даруйдаа ФИДЕ-гийн сайт руу ороод хартал чансаагаараа 37 дахь жагсаалтад Монгол Улсын нэр орчихсон байсан. Харин бид мэдээгээ аваад л бэлтгэл ажлаа хангаад байж байна даа.
-Анх монголын паралиимпын шатрын холбоо хэзээ байгуулагдсан бэ?
-Монголын паралимпын шатрын холбоо 2018 оны 7 сарын 27-ны өдөр анх байгуулагдсан. Үүсгэн байгуулагч нь Д.Ганбат, Б.Хашцэцэг гэж 2 хүн бий. Жүдо болон шатраар хичээллэдэг хүмүүс байдаг. Холбоо маань анхны Их хурлаа 2025 оны 10 сарын 11-ний өдөр хийж, бүтэц бүрэлдэхүүнээ шинэчилсэн. Тухайн хурал дээр миний бие нэр дэвшиж холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Удирдах зөвлөлийн 15 гишүүнтэй, Хяналтын зөвлөлийн 3, Ёс зүйн хорооны 5 гишүүнтэй, шүүгчдийн, дасгалжуулагчдын, ахмадын, өсвөрийн гэсэн 4 зөвлөлтэй нийт 40 гаруй хүний бүтэц бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Миний хувьд удирдах Зөвлөлийн гишүүдээ нэлээн бодож төлөвлөж сонгосон. Тал бүрийн төлөөллийг оролцуулах ёстой гэдэг байр суурьнаас 15 гишүүнийхээ тавыг нь пара тамирчдаасаа авсан. Харин тавыг нь шатрын спортыг дэмжүүлэх зорилгоор яг бизнесийн төлөөллийг оруулж ирсэн. Үлдэж буй 5 дээр нь өөрийн гэсэн байр суурьтай шатарчдаас, их мастерууд, олон улсын шүүгч нараас оруулж ирж удирдах багаа бүрдүүлсэн. Мэдээж манай шинэ хамт олон бүрдээд анхны тэмцээнээ маш амжилттай бас онцлогтой зохион байгуулсан гэж харж байна.


Анхдугаар улсын аварга шалгаруулах тэмцээнээ амжилттай зохион байгуулснаар бид дараагийн шатанд буюу дэлхийд өрсөлдөх боломжоо нээсэн
Анхны улсын аварга шалгаруулах тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Хас банк, Эм Си Эс Кока кола ажилласан. Мөн хэвлэл мэдээллийн асуудал дээр “Өрөг.mn” сайтын хамт олон, MNB телевизийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд ажилласанд бид их баяртай байгаа.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг сонирхсон спортоор нь хичээллэх нөхцөл боломжийг олгож өгдөг гол бодит боломж нь дотоодын тэмцээн байдаг. Ингэснээр тэд нийгэмдээ иилүү итгэлтэй болж, анд найз нөхөдтэй болох, ирээдүйг харах өнгө өөрчлөгддөг болов уу?
-Монгол Улсын хэмжээнд 100 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Тэдний хувьд хараагүй, сонсголгүй, тулгуур эрхтний бэрхшээлтэй байдаг. Хамгийн гол нь бид энэ хүмүүст хэрхэн итгэл найдвар өгөх, тэдний боломжийг дэмжих, ирээдүйг өнгө гэрэлтэйгээр харах гол уулзвар цэг нь “Спорт” юм. Тиймээс тэд маань гэртээ сууж байгаа үедээ ч, ер ажлын байрандаа, хаа ч шатраар хичээллэх боломжтой. Заавал гадагшаа гараад байхгүйгээр сонирхон хичээллэдэг оюуны спортын тоглолтоо сайжруулах, ур чадвараа ахиулах боломжууд олон бий.
Иймээс л миний хувьд өмнө нь ажиллаж байсан Монголын шатрын холбооны ерөнхийлөгчийн албан тушаалаас олж авсан туршлага дээрээ үндслэн, ер нь ололттой талуудыг пара шатарчид дээрээ илүү бодитоор хэрэгжүүлэх шинэ санал, санаачлагуудыг гаргаж ажиллаж байна. Цаашдаа ч Монголын паралимпын шатрын холбооны үйл ажиллагаа дотооддоо өргөжихөөс гадна гадаад харилцаа илүү тэлнэ гэсэн зорилго тээж яваа.


-Дэлхийн пара шатрын олимпиадад өрсөлдөх баг бүрэлдэхүүний тухайд сонирхоё?
-Дэлхийн холбооноос тавьж буй тамирчдын тухайд 5 квоттой л байсан. Багт заавал эмэгтэй шатарчин байх ёстой. Мөн сэлгээний 1 тамирчин байх гэсэн шаардлагыг тавьсан. Тэмцээнээс медаль хүртсэн тамирчид 20 гаруй болчхоод байсан. Харин нэг төрөл дээр шударга зарчим баримтлан медаль хүртсэн шатарчдыг хооронд нь тоглуулаад шигшээ багаа бүрдүүлсэн.
Шигшээ багийн бүрэлдэхүүнд 3 эрэгтэй, 2 эмэгтэй шатарчин бий. Би өөрөө багийн ахлагчаар харин пара шатрын шигшээ багийн дасгалжуулагчаар Удирдах зөвлөлийн гишүүн, Их мастер Г.Мөнхгал ажиллаж байна.
-Анхны дэлхийн том тэмцээнд оюун ухаанаа сорих гэж байна. Энэ бол асар их туршлага болж өгөх байх?
-Тамирчдад мөн бидэнд маш их туршлага хуримтлуулсан шатрын аялал болно байх. Мэдээж бид цаашдаа холбооны дэргэдээ шигшээ багаа байгуулан, тогтмол пара шатрын дэлхиийн олимпиадад өрсөлдөх зорилго тавиад байна.
Энэ олимп 2 жилд нэг удаа болдог. 2028 онд АНЭУ-ын Дубайд болно.
-Цаашдын та бүхний төлөвлөгөө, зорилгын талаар сонирхмоор байна?
-Манай холбооны үйл ажиллагаа илүү өргөн хүрээнд эрчимжинэ. Бид өсвөрийн хүүхдүүд рүүгээ нэлээн тулж ажиллах зорилготой байна. Мөн холбооны зүгээс 29 дүгээр сургуульд хамтран ажиллах хүсэлтээ өгчихсөн байгаа.
Шатарчид маань клуб ажиллуулж байдаг. Холбооны зүгээс үйл ажиллагааг нь дэмжээд ТББ байгууллагаас санхүү, хандив орж ирвэл клубууд рүү зарцуулаад явъя гэсэн зорилго тавиад бид бүхэн ажиллаж байна.


Пара шатрын шигшээ багийн дасгалжуулагчаар Их Мастер Г.Мөнхгал ажиллаж байна
-Дасгалжуулагч хэр нөлөө үзүүлдэг вэ? Сайн багшаас сайн шавь төрнө өө гэдэг шүү дээ. Ер нь бол бүх спортод суурийг нь зөв тавихаас эхэлдэг гэж ярьдаг?
-Хурдан мориороо жишээ ярихад морь унаач уяач 3-ын хөдөлмөрөөр түмний их манлай болдог шүү дээ. Үүнтэй адил бүх спортод ялгаа байхгүй. Манай шатар дээр ерөнхийдөө багш, тамирчин, эцэг эх гэсэн гурван холбоо явж байдаг. Миний хувьд Монголын шатрын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа ажигласан зүйл бол дасгалжуулагчийн хөдөлмөрийг үнэлэх ёстой. Жишээ нь улсын аваргад төрүүлж байгаа хүүхдийн мөнгөн дүнгийнх нь 50%-аар шагнаж урамшуулах зэрэг нэгдсэн зохион байгуулалтад ороосой гэж би боддог. Амжилт гаргаж байгаа тамирчдыг судлаад үзэхээр нэг тамирчин маш олон дасгалжуулагчтай байдаг. Сэтгэл зүйн дасгалжуулагч хүртэл тусдаа байна шүү дээ. Монголын шатрын холбоонд өндөр потенциалтай тамирчид байна. Шилдэг дасгалжуулагч нар өөр өөрсдийнхөө мэддэг зүйлсээ, арвин их мэдлэгээ хүүхдүүддээ шатарчдадаа заагаад өөр өөрийн арга барил техникээ зөв ашиглан явбал манайхан дэлхийн цомд өрсөлдөх дэлхийн аваргад өрсөлдөх эрхэм зорилгууд бол биелэгдэхэд ойрхон гэж харж байна.
Ярилцсанд баярлалаа.
Бэлтгэсэн: Спортын сэтгүүлч А.Алтанчимэг
Зураглаач: Д.Төгөлдөр
Эвлүүлгийн найруулагч: Б.Батбаяр
Тодруулга ярилцлагыг үзэх линк:








