
Сүүлийн жилүүдэд өсвөр насны охидын жирэмслэлт, үр хөндөлтийн тоо буурахгүй байгаа нь нөхөн үржихүйн боловсрол, гэр бүлийн харилцаанд анхаарал хандуулах шаардлагатай байгааг илтгэж байна.
2025 онд 10-19 насны нийт 2868 охид жирэмсэлсэн гэх тоон мэдээг Үндэсний статистикийн хорооноос гаргасан.
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2026 оны эхний тайлангаар улсын хэмжээнд хийгдэж буй нийт үр хөндөлтийн 5 хувийг дангаараа өсвөр насны охидын үр хөндөлт эзэлж байна.
Угтаа ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт Эрүүл мэндийн хичээл ордог ч нөхөн үржихүйн мэдлэг олгох чиглэлд хангалттай орохгүй байгаа, эцэг эхчүүд өсвөр насны хүүхдүүдтэйгээ энэ асуудлаар нээлттэй ярилцахгүй байдгаас энэ асуудал үүдэлтэй.
Үр хөндүүлсэн иргэн Б: “Сэтгэлийн хөөрлөөр насанд хүрээгүй байх үедээ жирэмсэлсэн. 2 сартай байх үед найз залуу, ээжтэйгээ зөвлөлдөж үр хөндүүлэх шийдвэрийг гаргасан. Насанд хүрээгүй байсан учир бие мах бодиос илүүтэйгээр сэтгэл санаа маань их хүнд байсан. Үеийн хүүхдүүд, хүмүүсээс айж, ичиж, санаа зовсон учир маш их нуусан.
Өсвөр насны хүүхдүүдэд хандаж хэлэхэд хамгаалалт болон нөхөн үржихүйн мэдлэгтэй байгаарай. Миний хувьд үр хөндөлтийн талаар мэдээллийг интернэт орчноос л судалсан. Эрүүл мэндийн хичээлд тодорхой сэдвүүдээр хичээл ордог байсан ч яг нарийн тодорхой, нээлттэй ярьж, хичээл ордоггүй байсан”
Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан:
“Өсвөр насны хүүхдийн жирэмслэлт хүүхдийн эрх хамгаалах тал дээр байнгын анхаарал тавьдаг гэдэг ч нөхцөл байдал огт сайжрахгүй байгааг тоон үзүүлэлтүүд маш сайн харуулж байна. Өсвөр насны хүүдийн жирэмслэлт төрөлт 2600-2700-гаар яригдаж байна.
Хүүхдийн төлөө энэ олон байгууллагууд хяналт шалгалт хийгээд, энэ тоон үзүүлэлт яагаад буурахгүй байна. Хэрвээ хүүхдийн эрхийг хамгаалах тал дээр дорвитой, зөв бодлого, арга хэмжээ авсан бол буух ёстой. Зөвхөн илэрсэн тоо нь энэ гэтэл үүний цаана хүчирхийлэлд өртөж байгаа зөндөө хүүхэд бий. Манай улсад 2600 гэдэг бол бага тоо биш үүнд анхаарал хандуулах ёстой”
Ерөнхий Боловсролын Сургуульд Эрүүл мэндийн хичээл ордог ч энэ нь хангалтгүй. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ойр, нээлттэй ярилцаж байж таны хүүхэд алдаа гаргахгүй амьдрах боломжтой” гэж мэргэжилтэнүүд байнга зөвлөдөг. Тэгвэл эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ ярилцдаг эсэхийг асуулаа.
Эцэг эхчүүд:
Томчуудаас асуухад хүүхдүүдтэйгээ ярилцдаггүй ээ гээд цааргалах нэгэн байхад боломжоороо ярилцах гэж хичээдэг гэж зарим нь хэлж байла.
Харин нэгэн аав “Хүйсээсээ хамаараад эмэгтэй хүүхэдтэй ээж нь, эрэгтэй хүүхэдтэй бол аав нь нөлөө үзүүлэх гэх мэт. Миний хувьд бол хүүхдүүдээ өсвөр насныханд зориулсан сургалтанд хамруулсан. Мэргэжлийн хүмүүс өөрсдийн заах арга зүйгээрээ ойлгуулдаг байх” гэв.
Т.Шижир








