
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны гүүрэн дээрээс автомашин унасан дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад өнөөдөр /2026.06.16/ өглөөний 06:00 цагт бүртгэгджээ. Дуудлагын дагуу шалгахад Toyota Alphard маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь согтуу буюу согтолтын зэрэг 1.38 хувьтай байсан ажээ. Цагдаагийн байгууллагаас ослын шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байгаа гэв.
Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг зохицуулалттай байдаг.
Хуулийн дагуу тухайн иргэний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1-3 жил хүртэл хугацаагаар хасаж, улмаар 2,700-аас 14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-өөс 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэдэг байна.
Мөн нөхцөл байдлаас шалтгаалан 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заажээ. Иймээс цагдаагийн байгууллагаас жолооч нарт замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ чанд мөрдөхийг анхааруулж байна. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэлд оруулахаас сэргийлэхийг уриалав.








