
Хүүхэд бол эцэг, эхийн зөв тусгал. Цаашлаад энэ улс эх орны ирээдүй, хойч үе. Иймээс эцэг, эхчүүд бид үр хүүхдийнхээ хүмүүжил, төлөвшилд анхаарах тэр цаг хугацаа бүгд он жилүүдтэй холбоотой.
Хэрвээ таны хүү, охин ямар нэгэн спортын төрлөөр хичээллэхээр зорьж мөрөөдөж буй бол тэр танаас 100 хувь хамаарна. Ингэж тодотгосны учир нь та үр хүүхдийнхээ спортоор хичээллэх тэр зориг, шийдвэрийн “эхлэл цэг”.
Энэ л эхлэл цэгийг аав, ээж нь зоригтойгоор тавьж өгөхийн зэрэгцээ 2013 онд сонирхогчийн мотоцикл хүүдээ бэлэглэсэн тэр цаг мөч хүүгийнх нь зорилго болоод мөрөөдлийг илүү томоор зурж өгчээ.

Авто болон мотоспортын дэлхийн олон шилдгүүдийн уулзвар цэг бол эр зоригийн илэрхийлэл “Дакар Ралли” юм. Энэхүү томоохон уралдаанд Монголын залуус 2013 оноос оролцож эхэлсэн.
Тэгвэл өдгөө тэдний залгамж чанар болж “Дакар Ралли-2027” уралдаанд өрсөлдөх эрхээ аваад буй мотоспортын ОУХМ Баярсайханы Батмөнх юм.


“Оргилд хүрэх зам” нэвтрүүлгийн зун цагийн энэхүү дугаартаа түүнийг бид онцлон урилаа. Учир нь тэрбээр Аргентин улсад 6 өдрийн туршид үргэлжлэн явагдсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тоосоо амжилттай өргөснөөр ирэх жилийн Дакарыг зорих эрхээ өвөртлөөд буй.


Б.Батмөнх: Амжилттай уралдаад, яг барианы зурваст орж ирэх тэр мэдрэмжийг үгээр илэрхийлэхийн аргагүй
-Сайн байна уу? Юуны өмнө Оргилд хүрэх зам нэвтрүүлгийн урилгыг таатай хүлээж авсанд маш их баярлалаа. Монголын спорт дэмжигч фенүүдийн өмнөөс баяр хүргэе.
-Сайн сайн байна уу. Миний хувьд Аргентин улсад болсон ДАШТ-ний Ралли 2 гэдэг ангилалдаа 17 дугаар байр, нийт мотоциклчид дотроо 27 дугаар байрт шалгараад ирсэн.
Хамгийн сонин, содон нь Монгол ах нарынхаа Аргентин улсад 2013 онд Дакарт гаргаж байсан тэр зам мөрөөр уралдаж, ирэх жилийн мотспортын олимпыг зорих болсондоо тун их баяртай байна.
Ер нь бол миний хувьд бүх зүйл шинэ байлаа. Маш их зүйлийг судлан, суралцаад, мөн “Дакар Ралли”-д хэрхэн, яаж бэлдэх вэ зэргээр маш том хичээл аваад ирсэн.
Яг бидний хамгийн том зорилго бол Дакарт өрсөлдөх эрх авах байсан. Сүүлийн өдөр тамирчнаас гадна техникээс шалтгаалах зүйл байдаг учраас уралдааны нийт дүн гарах эгзэгтэй мөчид би хашир, нямбай, хариуцлагатай оролцсон. 4, 5 өдөр уралдчихаад сүүлийн өдрөө ямар нэгэн асуудал гаргаж болохгүй учраас маш хашир яваад ирсэн.
Амжилттай уралдаад, яг барианы зурваст орж ирэх тэр мэдрэмжийг үгээр илэрхийлэхийн аргагүй онцгой мэдрэмж байлаа.


-“Тал нутгаас Дакарт” төслийг Э.Ууган-Эрдэнэ анхлан эхлүүлсэн. Төслийн анхны гишүүн мотоспортын ОУХМ, МУГТ Эрдэнэбилэгийн Халиунболд “Дакар Ралли 2026”-д амжилттай оролцсон. “Тал нутгаас Дакарт” төслийн дараагийн шинэ эд эс болоод дараагийн залгамж болсонд нь баяр хүргэе?
-Баярлалаа. Монголд мотоспортын зохион байгуулалтын хөгжил ч тэр, тамирчдын хувийн ур чадвар, бэлтгэл гээд бүх талаараа л дэлхийн түвшин рүү ойртож байна. Түүний нэг хэсэг болоод Ралли ред хэмээх төрлийг дэлхийн түвшинд гаргах том ажлыг Э.Ууган-Эрдэнэ ах анхлан амжилттай хийж, хэрэгжүүлсэн. 2-3 жилийн хугацаанд Монголынхоо топ тамирчин Э.Халиунболд ахыг маань уралдуулмаар байна. Дараа дараагийн залуучууддаа цаашлаад дэлхийд гаргахад нөлөөлж тусалмаар байна гээд ярьдаг байсан л даа. Тухайн үед надад яг л үлгэр мэт сонсогддог байсан. Яагаад гэвэл дэлхий тэр үед жаахан зайтай байсан. Харин одоо бол хавтгай, их ойрхон болчхоод байгаа.(инээв)


Төсөв мөнгөний хувьд ч гэсэн зардал маш өндөр спорт болохоор тухайн үед яг тийм үлгэр шиг л сонсогддог байв. Гэтэл үүнийг бодит болгоод Монголын мотоспортын хөгжилд, бүр дээшлүүлээд тамирчдад маш том хөрөнгө оруулалт хийж, бие сэтгэлээ зориулж буй. Ийм зүйлийг Ууганаа ах маань хийж байгааг бахархан харж байна. Үр дүнг нь өөрөө ч бас хүртэж байгаа.
Тэгээд энэ маань яг 2026 онд биеллээ олоод, сайхан шинэ рекорд амжилт тогтоогоод, төслийн 2 дугаар тамирчнаар нэрлэгдээд явж буйдаа талархалтай байгаа.


2013 онд аав, ээж хоёр маань спорт мотоцикл бэлэглэсэн нь надад илүү түлхэц болж өгсөн
-Мотоспортоор хичээллэх тэр эхлэл цэг, санаа сэдэл, түлхэц нь юу байв?
-Би Баянхонгор аймагт төрж өссөн. Айлын том хүү. Манай аав анхлан намайг бага байхад спорт мотоцикл унадаг байсан. Бас УАЗ-69 машинаар ганц нэг уралдаж, ер нь спорттой ойрхон хүн байсан нь надад маш их нөлөөлсөн. Аавынхаа уралдахыг харж, спорт мотоцикл дээр нь сууж өссөн дөө. Цэцэрлэгт байх үеэсээ л энэ спортод дурласан.
Яг энэ спортоор мэргэжлийн тамирчны түвшинд хичээллэж эхлэх болсон үе нь 2014 онд буюу 19 настайгаас гэж хэлж болно. Тэр үед Баянхонгор аймагт 10 жилийнхээ сургуулийг сурч төгсөж, Улаанбаатар хотод оюутан болж ирсний дараа ах нарынхаа дэмжлэгээр илүү их хичээллэх болсон.
Улаанбаатар хотод ирсний дараа манай үеэл Мөнхбат ах маань мотоцикл худалдаж авсан. Хамт амьдардаг учраас ахтайгаа дундаа нэг мотоцикл унаж хоббигоо хөгжүүлдэг байлаа.
Удалгүй өдөр, шөнөгүй мотоспортын бичлэг үзэж, тэмцээн уралдаан сонирхож, энэ спортыг илүү сонирхдог юм байна гэж аав, ээж хоёрт маань хэлсэн юм билээ. 2013 онд аав, ээж хоёр маань спорт мотоцикл бэлэглэсэн нь надад илүү түлхэц болж өгсөн.


Хүүхэд бага насны шүтэн биширдэг байсан тамирчныхаа аав буюу МУГД Ш.Эрдэнэбилэг багшийн шавь болсондоо маш их азтай
-Яг мэргэжлийн тамирчин болоход өлгийдөн авсан багш нь хэн байв?
-Хүүхэд байхдаа телевиз, сонин дээрээс Эрдэнэбилэгийн Халиунболд гээд л тэмцээн уралдааны мэдээ мэдээллийг нь уншдаг байлаа. Тэгээд тухайн хүмүүсийнхээ бүр гарынх нь шавь нь болоод энэ спортод орж ирнэ гэж үнэхээр төсөөлөөгүй. Миний амьдралд маш гоё зүйл болсон. Багш маань бүх амьдралаа энэ мотоспортод зориулж байгаа. Өөрийнхөө хүү болоод олон шавь нараа амжилттай авч яваа. Миний хувьд би багшийгаа мэдрэмжийн туйл гэж тодотгомоор байна.


-Өөрт тань айдас байдаг уу?
-Айдас бий. Яг тэр айдсаа даван туулаад цаана нь амжилттай даваад гарах тэр мэдрэмж үгээр хэлшгүй тийм содон. Мотоспорт хүнийг зөв хүмүүжүүлдэг. Одоо би яг энэ зам дээрээ эр зориг бүх зүйлээ төгс гаргаж чаддаг байх хэрэгтэй. Хэрвээ чадахгүй бол өөр энгийн амьдрал дээр хотын гудамжинд гэдэг ч юм уу гаргах ямар ч хэрэггүй.
Мотоспорт олон зүйлийг тамирчинд өгдөг дөө. Тэсвэр тэвчээр, богино хугацаанд шийдвэр гаргах чадвар гээд л амьдралд сайнаар нөлөөлөх зүйлс энэ спортод л маш их бий. Яг тийм дэмждэг, гайхалтай гэмээр хүмүүс мэдээж зөндөө байгаа. Тэр бүх хүмүүстээ би маш их баярлаж явдаг шүү гэдгээ хэлмээр байна.
Б.Батмөнх: 123 дугаар бол миний төрсөн өдөр. Энэ дугаартай мото кросс төрөлд өнөөдрийг хүртэл уралдаж ирлээ


-Тамирчдад сэтгэлд ойр, билэгшээлтэй дугаар гэж бий. Өөрийн тань хувьд 123 хэмээх дугаар нь ямар билэгдэлтэй, дурсамж шингээдэг вэ?
-Яг мото кросс төрөлд бол тамирчид өөрсдийн хувийн сонгосон дугаараараа уралддаг. Харин миний дугаар бол “123”. Энэ дугаар нь миний төрсөн өдөр. Зүй тогтлын хувьд ч 1, 2, 3 гээд маш гоё надад санагддаг учраас анхнаасаа энэ дугаараараа мото кросс төрөлд уралдаад өнөөдрийг хүртэл явж байна. Ралли төрөлд бол харьцангуй өөр. Тэмцээний гарааны дараалал, сугалаа прологийн дүн гээд л маш олон зүйлээс шалтгаалаад цаанаас нь дугаар олгодог учраас рандом буюу сонгогдсон дугаараар л уралддаг.
-Яг уралдааны замд онцгой техник нь юу вэ?
-Уралдааны үед харайдаг тэр харайлт хэсэг дээр бүх зүйл шийдэгдэнэ. Харайлт хэсгийг зөв техниктэй, зөв хурдаар ч гэдэг юм уу зөв техникээр харайчихвал тэр буулт нь ямар ч асуудалгүй. Яг тэр зүйлийг гүйцэтгэвэл ямар нэгэн алдаатай, гаднын нөлөөтэй ч юм уу буруу хийвэл дараагийн агаар дээрхээс газар луу буух нь “Эрсдэл” болж хувирдаг. Одоо эвгүй харайх, тийм тохиолдол гардаг. Тухайн мөчид агаар дээр ямар нэгэн байдлаар засах, биеэ суллах тийм техникүүд байдаг.


Б.Батмөнх: Багш маань үнэхээр “мэдрэмжийн туйл” болсон хүн дээ
-Сэтгэлд тод үлдсэн онцгой техникүүд бий юу?
-Зөндөө бий.(инээв) Ер нь бол энд тэнд гаднын улс орнуудад очоод л уралдахаар бид нар ерөөсөө явж үзээгүй шинэ харайлтууд, шинэ замууд байдаг. Тэнд анхны харайх тэр мөч тийм хэцүү, гоё айдастай тэгээд айдсаа яг зөвөөр даван туулчихаар бас маш гоё мэдрэмж.
-Энэ Морингийн давааны орчимд хэзээнээс мотоспортын бэлтгэл сургуулилтаа хийж байна вэ?
-2009 оноос хойш хүүхдүүд энд хичээллэж уралдаж байгаа. Тэгээд энэ зам дээр хамгийн анх удаа би гарч үзэхдээ эдгээр харайлтуудыг хараад үнэхээр айж байсан юм. Тэгээд өөдөөс 2-3 давхар байшин шиг ийм эгц харайлтууд цаана нь юу байгаа нь мэдэгдэхгүй, тэр үед би энэ харайлтуудыг хэзээ ч харайж чадахгүй байх даа гэж дотроо тийм айдастай бодож байсан юм. Хамгийн анх Халиука ах надад эхний харайлтаас нь эхлээд надад заасан. Тэгээд хүрзээ барьж байгаад за чи яг энэ замаар, энэ хурдаар ингэж харайгаарай гээд намайг дэмжиж уухайлж байгаад харайлгаж байсан.(инээв) Яг тэр тэр мөчөөс эхлээд л ер нь итгэл айдас маань бага зэрэг багасаад бас бэлтгэл сургуулилтаа тууштай хийсний хүчинд ямар ч бартаа, харайлтыг харайж чаддаг болсон л доо.


-Тэмцээн уралдааны өмнө аав, ээж нь хэлж, ярьдаг, хүч өгдөг үгс юу вэ?
-Манай аав, ээж маань амжилт хүсье, болгоомжтой яваарай гэж байнга захиж хэлнэ. Ээж маань ээж нь хүүгийнхээ алтан шар зам нь өлзийтэй байгээ гээд сүүгээ өргөчихлөө гээд л зүйлсийг байнга хэлж, үргэлж миний ард байдаг. Аав, ээж маань миний араас ерөөл уншаад, амжилт хүсээд явдаг учраас надад нэг тийм хамгаалагдсан мэдрэмжтэй. Уралдааны сэтгэл зүйд хамаагүй илүү нэмэртэй байдаг.
-Энэ зуны тэмцээн уралдааны төлөвлөгөөг сонирхоё?
-Дотоодын тэмцээнүүддээ тогтмол сайн оролцоно. Мөн намраас “Дакар Ралли”-гийн бэлтгэлээ шат дараалалтай хийнэ. “Тал нутгаас Дакарт” төслийн баг хамт олонтойгоо хамтраад төлөвлөсөн ажлууд их бий.


-Цаашдынх нь тэмцээн уралдаанд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.
-Баярлалаа. Миний тамирчны карьер эхэлснээс өдийг хүртэл явж буй нь маш олон хүмүүсийн тусламж, дэмжлэг сэтгэлээр өдий зэрэгтэй явж байна. Мото кросс төрөл дээр намайг дэмждэг хүмүүсийг яривал маш олон бий. Тэгээд тэр бүх хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлье. Одоо нөгөөтэйгүүр Ралли Ред гэдэг төрөл рүү ороод бас том уралдаанд орох гэж байгаа учраас миний ралли гэдэг төрөл рүү анх ороход манай ах нар, “Альфа” клубын тэргүүн Энэрэлт ах нартаа маш их баярладаг. Мөн энэ ах нарын дараа УИХ-ын гишүүн, ONDO брэндийг үүсгэн байгуулагч Ч.Анар ах маань намайг ралли төрлийн тамирчнаар бүр брэндийнхээ тамирчнаар албажуулж аваад, цалин өгч байгаа. Энэ нь миний хувьд Монголын бараг мотоспортын хамгийн анхны албан ёсны тогтмол цалинтай тамирчин гэж хэлж болно. Энэ сайхан боломжийг Ч.Анар ах маань надад олгосонд маш иих талархдаг. Үүнээс улбаалаад “Тал нутгаас Дакарт” төслийн ерөнхий зохицуулагч Ууганаа ах маань намайг автомашины ангилал, мөн мотоцикл гээд л бүх зүйлд бас амьдрал дээр ч энэ төсөл дэмжиж байдаг. Ингэснээр төслийнхөө 2 дугаар тамирчнаар сонгоод “Дакар Ралли-2027” хэмээх том уралдааныг зорих гэж байгаад маш их баярлалаа.


Нэгтгээд үргэлж дэмжин, тусалдаг, бас тусалдаг хүмүүс, байгууллага, компанийн хамт олонд маш их баярлаж явдгаа илэрхийлье.
- Баянхонгор аймгийн автомашин мотоциклын холбоо
- LendMN
- Ondo.brand
- M-Garage
- U-Go Mongolia
- Forza-спорт хувцас үйлдвэрлэл
- Mongolian Extreme Family
- “Тал нутгаас Дакарт” төслийн хамт олон, та нартаа маш их баярлалаа гэж хэлмээр байна.
Ярилцсанд баярлалаа.
Нэвтрүүлгийг бэлтгэсэн: Спортын сэтгүүлч А.Алтанчимэг
Зураглаач: Н.Мөнх-Эрдэнэ, Г.Дөлгөөн
Эвлүүлгийн найруулагч: Б.Батбаяр
“Оргилд хүрэх зам” нэвтрүүлгийг бүтэн үзэх линк:








